Витамин сонгохдоо анхаарах зүйл

Өнөөдөр зах зээл дээр найрлага, гарал үүсэл, үйлдвэрлэлийн технологи, үнэ зэргээрээ ялгаатай маш олон витамин, эрдэс бодисын бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Гаднаас нь харахад ижил витамин агуулсан мэт боловч хүний биед шимэгдэх байдал, түүхий эдийн чанар, бусад найрлагатайгаа хэрхэн хосолсон зэргээс шалтгаалан бүтээгдэхүүн бүр харилцан адилгүй байдаг. 

Тэгвэл олон сонголтын дундаас чанартай витаминыг хэрхэн таних вэ?

1. Ямар эх үүсвэрээс гаргаж авсныг хараарай

Витаминыг жимс, ногоо, ургамал, замаг зэрэг байгалийн түүхий эдээс гарган авч болохоос гадна лабораторийн аргаар нийлэгжүүлэн үйлдвэрлэдэг. Зарим витамины байгалийн болон нийлэг хэлбэр нь молекулын орон зайн бүтэц, биологийн идэвхээрээ ялгаатай байдаг бөгөөд байгалийн хэлбэрийг хүний биеийн уургууд илүү сайн таньж, биологийн өндөр идэвх үзүүлэх чадвартай байдаг. Тиймээс витамин сонгохдоо аль болох байгалийн хэлбэрийг нь сонгож хэвшээрэй.  

Жишээлбэл:

  • С витамин — ацерола, нохойн хошуу зэрэг жимснээс
  • Д витамин — ланолин эсвэл хаг ургамлаас
  • Омега-3 — загас эсвэл замгаас
  • Кальци — далайн замаг зэрэг эх үүсвэрээс гарган авсан байж болно

Эх үүсвэрээ тодорхой бичсэн бүтээгдэхүүн хэрэглэгчид илүү нээлттэй мэдээлэл өгдөг.

2. Зөвхөн витамины нэрийг бус, хэлбэрийг нь анхаараарай

Ижил нэртэй витамин, эрдэс бодис өөр өөр хэлбэрээр үйлдвэрлэгддэг. Эдгээр нь шимэгдэлт болон ходоод гэдсэнд хэрхэн нөлөөлөх байдлаараа ялгаатай байж болно.

Хэрэглэгч бүх химийн нэрийг цээжлэх шаардлагагүй. Харин бүтээгдэхүүн дээр найрлагын хэлбэрийг тодорхой бичсэн эсэхийг харах хэрэгтэй.

Жишээлбэл:

  • Магнийн цитрат, глицинат хэлбэрүүдийг ихэвчлэн шимэгдэлт сайтай, ходоодонд харьцангуй зөөлөн хэлбэрт тооцдог.
  • Магнийн оксид нь нэг шахмалд агуулагдах магни их мэт харагддаг ч биед шимэгдэх хэмжээ харьцангуй бага байж болно.
  • Кальцийн карбонатыг хоолтой хамт хэрэглэхэд тохиромжтой байдаг бол кальцийн цитрат нь ходоодны хүчил бага хүмүүст илүү тохиромжтой байж болно.
  • Д аминдэмийн хувьд Д3 хэлбэр нь Д2-оос цусан дахь Д аминдэмийн түвшнийг нэмэгдүүлэхэд илүү үр дүнтэйд тооцогддог.

Тиймээс “магни 500 мг” гэсэн нүүрэн талын том бичгээс илүү арын шошгон дээр ямар хэлбэрээр орсныг харах нь чухал.

3. Найрлагууд хоорондоо зөв хосолсон эсэхийг шалгаарай

Зарим витамин, эрдэс бодис дангаараа бус, өөр бодистой хослоход бие махбодод илүү зөв ашиглагддаг.

Жишээлбэл:

  • Д аминдэм кальцийн шимэгдэлтийг дэмжинэ. К2 аминдэм нь кальцийг ясанд зөв ашиглах үйл явцад оролцоно.
  • С аминдэм ургамлын гаралтай төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.
  • В6 аминдэм магнийн бодисын солилцоонд оролцоно.
  • Зэс нь цайртай хамт тэнцвэртэй байх шаардлагатай.

Гэхдээ олон найрлагыг нэг бүтээгдэхүүнд хийсэн бүхэн сайн хослол гэсэн үг биш. Тухайн найрлагууд бие биенийхээ үйл ажиллагааг дэмждэг, хэмжээнүүд нь зохистой байх хэрэгтэй.

4. Үйлдвэрлэлийн чанарын баталгааг шалгаарай

Чанартай түүхий эд ашигласан ч үйлдвэрлэлийн явцад зөв боловсруулж, хадгалаагүй бол бүтээгдэхүүний чанар алдагдаж болно.

Иймээс GMP зэрэг үйлдвэрлэлийн зохистой дадлын стандарт мөрддөг эсэхийг хараарай. Энэ нь түүхий эд хүлээн авах, үйлдвэрлэх, савлах, хадгалах үе шатуудад хяналт тавьдаг болохыг илэрхийлнэ.

Мөн дараах мэдээлэл тодорхой байх хэрэгтэй:

  • Үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
  • Үйлдвэрлэсэн улс;
  • Цувралын дугаар;
  • Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа;
  • Импортлогчийн мэдээлэл;
  • Хадгалах нөхцөл.

5. Шошго нь нээлттэй, тодорхой бүтээгдэхүүнийг сонгоорой

Чанартай үйлдвэрлэгч бүтээгдэхүүндээ яг ямар витаминыг ямар тун хэмжээгээр хийснээ тодорхой бичдэг.

Харин “витамины тусгай холимог”, “ургамлын нууц найрлага” гэх мэтээр ерөнхийлөөд, найрлага тус бүрийн хэмжээг бичээгүй бол бүтээгдэхүүнийг бодитоор үнэлэх боломжгүй.

Тиймээс:

  • Найрлага бүрийн хэмжээ бичигдсэн;
  • Витамины эх үүсвэр тодорхой;
  • Хэрэглэх заавар бүрэн;
  • Анхааруулга нь ойлгомжтой бүтээгдэхүүнийг сонгоорой.

6. Хэрэгцээгүй нэмэлт орц багатай эсэхийг хараарай

Шахмал, капсул хийхэд тодорхой хэмжээний туслах бодис зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ хиймэл өнгө, хэт их амт оруулагч, сахар болон шаардлагагүй дүүргэгч ихтэй бүтээгдэхүүн сонгох шаардлагагүй.

Ялангуяа хүүхдийн зажилдаг витамин чихэр шиг амттай байхын тулд сахар, сироп их хэмжээгээр агуулсан байж болно. Тиймээс витамин гэх нэртэй ч өдөр бүр чихэр хэрэглэж байгаа мэт болохоос сэргийлж найрлагыг шалгаарай.

Мөн харшилтай бол сүү, шар буурцаг, самар, цавуулаг агуулсан эсэхийг; цагаан хоолтон бол капсулын бүрхүүл желатинтай эсэхийг харах хэрэгтэй.

Ижил үнэтэй хоёр бүтээгдэхүүний нэг нь чанартай түүхий эд, шимэгдэлтэд анхаарсан хэлбэртэй байхад нөгөө нь зөвхөн өндөр тун, гоё савлагаагаар ялгарч байж болно.