Хүүхдийн Д витаминтай холбоотой хамгийн түгээмэл 10 ташаа ойлголт

Хүүхдийн Д витамины талаар аав, ээжүүдийн дунд олон зөвлөгөө дамждаг. Гэхдээ тэдгээрийн зарим нь хүүхдэд тохирох тунг алдагдуулах, хэрэглэхээ зогсоох эсвэл хэтрүүлэн өгөх эрсдэлтэй. Тиймээс түгээмэл ойлголтуудыг баримттайгаар тайлбарлая.

1.Зун нар ихтэй учраас Д витамин өгөх шаардлагагүй”

Ташаа ойлголт.
Нарны гэрлийн нөлөөгөөр арьс Д витамин үүсгэдэг ч хүүхдийн авсан хэмжээг зөвхөн гадаа байсан хугацаагаар тодорхойлох боломжгүй. Улирал, үүлшил, хувцас, нарны тос, арьсны өнгө, гадаа өнгөрүүлсэн хугацаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө.Ялангуяа нярай хүүхдийг нарны шууд тусгалаас хамгаалах шаардлагатай тул “наранд гарсан учраас хангалттай авсан” гэж тооцож болохгүй. Д витамины хэрэглээг улирлаар дур мэдэн зогсоохын оронд хүүхдийн нас, хооллолт, эмчийн зөвлөгөөг харгалзана.

2. “Хөхний сүүнд бүх хэрэгцээт шим тэжээл байдаг тул нэмэлт Д витамин хэрэггүй”

Бүрэн зөв биш.
Хөхний сүү хүүхдийн хамгийн тохиромжтой хоол боловч нярайн өдөр тутмын Д витамины хэрэгцээг дангаараа бүрэн хангаж чаддаггүй. Иймээс дан хөхөөр болон хөхний сүү, сүүн тэжээлийг хослуулан хооллодог нярайд төрсний дараахан Д витамин хэрэглэх зөвлөмж түгээмэл байдаг.

3. “Сүүн тэжээл хэрэглэдэг бүх хүүхдэд заавал нэмэлтээр Д витамин өгнө”

Заавал тийм биш.
Сүүн тэжээлүүд тодорхой хэмжээний Д витаминаар баяжуулсан байдаг. Гэхдээ хүүхэд өдөрт хэр хэмжээний тэжээл ууж байгаагаас авч буй Д витамины хэмжээ шалтгаална.Тиймээс нэмэлт өгөх эсэхийг шийдэхдээ:
-тэжээлийн шошгон дээрх Д витамины агууламж
-хүүхдийн өдөрт уудаг хэмжээ
-бусад нэмэлт бүтээгдэхүүний найрлагыг хамтад нь тооцох хэрэгтэй.

4. “Хүүхэд их хөлөрч байвал Д витамин дутагдсан гэсэн үг”

Дан ганц хөлрөлтөөр оношлох боломжгүй.
Хүүхэд халуун орчин, зузаан хувцас, уйлах, хөхөх, хөдөлгөөн хийх үедээ их хөлөрч болно. Хөлрөлт нь Д витамины дутагдлын өвөрмөц шинж биш.Хэрэв хөлрөлтийн хамт өсөлт удаашрах, ясны хэлбэр өөрчлөгдөх, булчин сулрах зэрэг санаа зовоосон шинж илэрвэл хүүхдийн эмчид үзүүлэх нь зөв.

5. “Шүд оройтож ургавал заавал Д витамин дутагдсан”

Заавал холбоотой биш.
Шүд ургах хугацаа хүүхэд бүрд харилцан адилгүй бөгөөд удамшил, өсөлтийн онцлог болон бусад хүчин зүйлээс шалтгаалдаг. Д витамин, кальци нь яс болон шүдний хэвийн хөгжилд чухал боловч зөвхөн шүд оройтож ургаснаар дутагдал гэж дүгнэж болохгүй.

6. “Д витамин их өгөх тусам хүүхдийн дархлаа сайжирна”

Буруу бөгөөд эрсдэлтэй.
Д витамин нь биеийн хэвийн үйл ажиллагаанд чухал ч зөвлөсөн хэмжээнээс их өгөх нь илүү сайн гэсэн үг биш. Д витамин тосонд уусдаг тул хэт их хэрэглэвэл биед хуримтлагдаж, цусан дахь кальци ихсэх эрсдэлтэй.

Үүний улмаас:
хоолны дуршил буурах;
дотор муухайрах, бөөлжих;
их цангах, ойр ойрхон шээх;
бөөрөнд ачаалал өгөх зэрэг асуудал үүсч болно.
Хүүхдийн наснаас хамаарсан хэрэглээний дээд хэмжээ байдаг тул өндөр тунг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

7. “Нэг өдөр өгөхөө мартсан бол маргааш нь хоёр дахин нэмээд өгнө”

Тэгж болохгүй.
Нэг удаа мартсан тохиолдолд дараагийн өдөр ердийн хуваарийн дагуу үргэлжлүүлэх нь аюулгүй. Алгассан тунг нөхөх гэж давхар өгөх шаардлагагүй.Ялангуяа нэг дусал дахь IU хэмжээ бүтээгдэхүүн бүрд ялгаатай тул дуслын тоог дур мэдэн нэмэхгүй байх хэрэгтэй.

8. “Бүх Д витамины тун ижил хэмжээтэй”

Ташаа ойлголт.
Зарим бүтээгдэхүүний 1мл-нь 400 IU байхад өөр бүтээгдэхүүнд 1мл дахь хэмжээ илүү их эсвэл бага байж болно. Тиймээс өмнөх бүтээгдэхүүний тунг шинэ бүтээгдэхүүн дээр шууд хуулан хэрэглэх нь эрсдэлтэй.
Шошгоноос дараах мэдээллийг шалгана:
-1 мл хэдэн IU агуулагдах;
-нэг удаагийн порц хэдэн мл болох;
-насны заалт;
-бусад витаминтай хавсарсан эсэх.

9. “Д витаминыг зөвхөн дутагдлын шинж илэрсний дараа өгнө”

Буруу.
Д витамин нь рахит болон дутагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэгддэг. Хүүхдэд илэрхий шинж тэмдэг гарахыг хүлээх нь зохимжгүй. Олон улсын зөвлөмжид нэг хүртэлх насны хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг ерөнхийдөө 400 IU гэж үздэг бөгөөд нэг наснаас хойш нийт хэрэгцээ өсдөг. Гэхдээ тухайн хүүхдийн нэмэлтээр авах тунг хооллолт, эрүүл мэндийн байдал, эмчийн зөвлөгөөнд тулгуурлан сонгоно.

10. “Д витамины шинжилгээг бүх хүүхдэд тогтмол өгөх шаардлагатай”

Заавал биш.
Эрүүл, хэвийн өсөлттэй хүүхэд бүрт тогтмол шинжилгээ хийх шаардлагагүй байж болно. Харин дараах нөхцөлд эмч шинжилгээ санал болгож болно:
-дутагдал сэжиглэх шинж илэрсэн
-өсөлт хөгжилд өөрчлөлт гарсан
-шимэгдэлтийн эмгэгтэй
-элэг, бөөрний архаг өвчтэй
-удаан хугацаанд тодорхой эм хэрэглэдэг
-өндөр тунгаар эмчилгээ хийх шаардлагатай гэж үзсэн
Шинжилгээний хариуг үндэслэн эмчилгээний тунг эмч тогтооно.

Аав, ээжүүдэд сануулах нь:Хүүхдийн Д витаминыг сонгохдоо нэг мл дахь тунг заавал шалгаарай. Мөн хүүхдийн биед хамгийн сайн шимэгддэг коконатын тосон Д витамин хэргэлэхийг санал болгож байна. Өөр бүтээгдэхүүн, мультивитамин эсвэл сүүн тэжээлээс авч буй Д витамины хэмжээг давхар тооцох хэрэгтэй.

 Эх сурвалж:
National Institute on Aging (NIA) – https://www.nia.nih.gov/health

NIH Office of Dietary Supplements – https://ods.od.nih.gov/factsheets/list-all/

World Health Organization (WHO) – https://www.who.int/health-topics/ageing

.