Судас хатуурал нь нэг өдөр гэнэт үүсдэг өвчин биш. Судасны хананд өөх тос, холестерин, кальци зэрэг бодис хуримтлагдаж “товруу” үүссэнээр судас аажмаар нарийсч, зүрх, тархи, хөл зэрэг эрхтэнд очих цусан хангамж, хүчилтөрөгч багасдаг. Үүний улмаас зүрхний шигдээс, харвалт, захын артерийн эмгэг зэрэг ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг.
Яагаад эрт анзаарах ёстой вэ?
Судас хатуурал олон жил бараг зовуурьгүй явагддаг. Тиймээс хүн өөрийгөө “эрүүл” гэж бодсоор явтал судасны нарийсалт нэмэгдэж, шинж тэмдэг илрэх үед эрсдэл аль хэдийн өссөн байх боломжтой.
Анхаарах ёстой 6 шинж
1. Цээжээр дарж өвдөх, бачуурах
Алхах, шатаар өгсөх, ачаалал авах, сэтгэл түгших үед цээжний голоор дарж, базалж, хүндэрч өвдвөл зүрхний титэм судас нарийссаны дохио байдаг. Амармагц намддаг өвдөлт байсан ч үл тоож болохгүй.
2. Амьсгал давчдах, амархан ядрах
Өмнө нь төвөггүй хийдэг байсан хөдөлгөөн хийхэд амьсгаа давчдах, хурдан ядрах зэрэг нь зүрх хангалттай цус шахаж чадахгүй байгаатай холбоотой байж болно.
3. Толгой эргэх, гэнэт сулрах
Гэнэт босоход толгой эргэх, ухаан балартах мэт болох, бие сулрах нь тархины цусны эргэлт тогтворгүй байгааг илтгэдэг. Энэ нь харвалт болох эрсдэлтэй байдаг тул анхаарах шаардлагатай.
4. Гар, хөл бадайрах, хүч сулрах
Гар, хөл мэдээ алдах, бадайрах, нэг талын хөдөлгөөн сулрах шинж гэнэт илэрвэл харвалтын урьдал дохио. Ийм үед цаг алдалгүй эмнэлэгт хандаж оношлуулах хэрэгтэй.
5. Алхахад хөл өвдөх, шөрмөс татах
Алхах болон шатаар өгсөх үед шилбэ, гуя, өгзгөөр базалж өвдөөд, амрахаар намддаг бол хөлийн судасны нарийсалттай холбоотой байдаг. Энэ нь цусны урсгал булчинд хангалттай очихгүй байгаагийн дохио юм.
6. Хөл, гар байнга даарч, цайвар эсвэл хөхөлбий болох
Нэг талын хөл, хуруу илүү хүйтэн болох, арьс цайх, хөхөлбий туяатай болох, шарх удаан эдгэх нь тухайн хэсгийн цусан хангамж муудсаны шинж байдаг.
Ийм шинж илэрвэл:
Хэрэв дээрх шинжүүд давтагдаж, нэмэгдэж эсвэл өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлбэл өөрөө онош тавихгүйгээр эмчид хандаарай. Цусны даралт, зүрхний цохилт, биеийн жингийн үнэлгээ, холестерин, LDL, HDL, триглицерид, шаардлагатай бол зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ЭХО, судасны допплер зэрэг шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү.
Урьдчилан сэргийлэхийн тулд
- Хооллолт
- Хөдөлгөөн
- Амьдралын хэв маягаа өөрчлөх нь судасны эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам
Ханасан болон транс тос багатай хооллох, хүнсний ногоо, жимс, бүхэл үр, загас, самар түлхүү хэрэглэх, тамхинаас гарах, архины хэрэглээг багасгах, долоо хоногт дор хаяж 150 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь LDL буюу “муу” холестериныг бууруулах, судасны дотор ханыг хамгаалахад тустай.

Өнөөдөр анзаарсан жижиг дохио маргаашийн том эрсдэлээс сэргийлж чадна.

