Үтрээ яагаад үнэртэй байдаг вэ?
Эмэгтэй хүний үтрээ нь байгалиас заяасан тэнцвэрт, өөрийгөө хамгаалах чадвартай орчин юм. Хэвийн үед лактобацилл гэх ашигтай бактери давамгайлж, үтрээний орчныг бага зэрэг хүчиллэг байлгаж, бактери, мөөгөнцрийн халдвараас хамгаалж байдаг. байлгадаг. Ийм үед үтрээ бага зэрэг хурц, исгэлэн маягийн үнэртэй байж болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.
Харин уг тэнцвэр алдагдвал үтрээний бичил орчин өөрчлөгдөж, эвгүй үнэр гарах, загатнах, ялгадас өөрчлөгдөх зэрэг шинж илэрдэг.
Эвгүй үнэр гарах түгээмэл шалтгаанууд
1. Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл (бактерийн вагиноз)
- Үтрээний бичил орчны тэнцвэр алдагдаж, ашигтай бактери багасах үед бусад эмгэг төрүүлэгч нян өсөж үрждэг.
- Энэ үед муудсан загас шиг хурц үнэр гарах нь түгээмэл бөгөөд бэлгийн хавьтлын дараа үнэр илүү мэдрэгддэг.
- Сааралдуу, шингэн, элбэг ялгадастай байх нь нийтлэг шинж.
2. Мөөгөнцрийн халдвар (кандидоз)
- Ихэнхдээ хүчтэй үнэрээс илүү загатнах, хорсох, өтгөн, цагаан “бужигнасан” ялгадсаар илэрдэг.
- Зарим эмэгтэйчүүд мөөгөнцрийн эсрэг лаа байнга хэрэглэсээр байтал үнэр арилахгүй байх нь бий. Энэ тохиолдолд мөөгөнцрийн халдвартай хавсарч бактерийн вагиноз хавсарсан байх магадлалтай.
3. Бэлгийн замын халдварт өвчин (трихомониаз)
- Трихомониазын үед хөөсөрхөг, шар-ногоондуу ялгадас гарах, хурц, эвгүй үнэр гарах байдлаар илэрдэг.
- Мөн загатнах, хорсох, шээхэд өвдөх, бэлгийн хавьтлын үед зовуурь нэмэгдэх зэрэг шинж илэрнэ.
- Ийм үед заавал эмчид үзүүлж, шинжилгээ өгч онош тодруулах шаардлагатай.
4. Дааврын өөрчлөлт
- Жирэмслэлт, төрсний дараа болон цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ өөрчлөгддөг.
- Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор хуурайшилт, үтрээний үнэр өөрчлөгдөх, таагүй мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болно.
5. Өдөр тутмын буруу зуршил
- Үтрээний дотуур угаалга байнга хийх
- Хэт үнэртэй саван, угаагч гель, шүршигч хэрэглэх
- Синтетик, бариу дотуур хувцас өмсөх
- Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл, тампоныг удаан хугацаанд солихгүй байх зэрэг нь үтрээний үрэвсэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Юунд анхаарах шаардлагатай вэ?
- Үтрээний бичил орчны тэнцвэрийг хадгалахын тулд дараах зөв дадлыг хэвшүүлэх нь чухал:
- Гадна бэлэг эрхтнээ бүлээн усаар тогтмол угаах
- Үтрээний дотуур угаалгыг шаардлагагүй үед хийхгүй байх
- Хөвөн даавуун, агаар нэвтрэх дотуур хувцас өмсөж, өдөр бүр солих
- Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл, тампоныг 2–3 цаг тутам солих
- Тохиолдлын бэлгийн хавьталд орвол бэлгэвч тогтмол хэрэглэх


