Таны хүүхэд далд өлсгөлөнд өртөж байна уу?

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн жин 2 дахин нэмэгдэж эсэргээрээ далд өлсгөлөн буюу аминдэмийн дутагдалд өртөж байгааг Монгол улсын хоол  тэжээлийн үндэсний 6р судалгаанаас гаргасан байна. 

"Далд өлсгөлөн гэдэг нь өдөрт хангалттай эсвэл бүр илүүдэл илчлэгтэй хоол идэж байгаа ч амин дэм, эрдэс, уураг зэрэг хэрэгтэй амин дэм шим тэжээлээ авч чадахгүй дутагдалд өртөхийг хэлнэ.

“Далд өлсгөлөн”-ийн үед хүүхдэд ямар шинжүүд илрэх вэ? 

  • Өлсөөгүй мэт атлаа амттан, чихэр идмээр санагдах 
  • Энгийн, амтлагч багатай хоолонд дургүй болох 
  • Оройн цагаар “юм идэхгүй бол болохгүй” мэт мэдрэмж төрөх 
  • Хүүхдийн анхаарал төвлөрөлт сулрах, байнга аливаа зүйлд сатаарах 
  • Дархлаа суларч амархан ханиад хүрэх 

2024 онд хийгдсэн Монгол улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 6р судалгаанаас:  5 хүртэлх насны Монгол хүүхдүүдийн илүүдэл жингийн тархалтыг дэлхийн бусад улс орон болон ази тивийн улсуудтай харьцуулахад 2 дахин их байна.

Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол амин дэм шим тэжээлийн үзүүлэлтүүд юм .

Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, нялх, балчир үе, өсвөр насанд А, Д аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг. А амин дэм нь биеийн эд эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлаа тогтолцооны хариу урвалд оролцож, халдварт өвчтэй тэмцэхэд тусалдаг. Харин Д аминдэм нь кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлтийг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэнд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, дархлаа сулрах зэрэг эрсдэлүүд нэмэгддэг.   

Тийм учраас удаа дараагийн хоол тэжээлийн судалгаагаар А, Д аминдэмийн үзүүлэлтүүдийг үзэж дутагдлын тархалтыг судалдаг. Энэ удаагийн үндэсний 6р судалгааны дүнгээр Монгол улсын 5 хүртэлх настай хүүхдүүдийн 7,1% нь А аминдэмийн дутагдалтай, 57,9% нь А аминдэмийн нөөц дутмаг байна. Харин 10 хүүхэд тутмын 5 нь Д аминдэмийн дутагдалтай, 31% нь Д аминдэмийн хөнгөн дутагдалтай байгааг илрүүлсэн байна.

Энэхүү судалгааг дүгнэвэл өсөлтийн үеийн 5 хүртэлх насны хүүхдүүдэд илүүдэл жингийн тархалт их байгаа хэдий ч аминдэмийн дутагдлын тархалт мөн адил их байна. Энэ нь хүүхдүүдэд өдөр тутмын хооллолт хэвийн мэт харагдах боловч хэрэгтэй аминдэмийн хэрэгцээгээ хангаж чадахгүй далд аминдэмийн өлсгөлөнд өртөж байгааг харуулж байна. Тиймээс хүүхдүүдэд өдөр тутмын аминдэм эрдсийн нэмэлт бүтээгдэхүүн өгөх нь өсөлтийг хэвийн явуулах, дархлааг дэмжих давуу талуудтай юм.