Ээж болсон цагаасаа хойш юм мартах, анхаарал сарних, түлхүүрээ хаана тавьснаа санахгүй байх үе танд тохиолдож байсан уу? Тийм бол энэ нь “Mommy brain” буюу жирэмсэн болон төрсний дараах үед ээжүүдийн ой санамж, анхаарал төвлөрөх чадвар түр зуур сулрах үзэгдэл юм.
Mommy Brain яагаад үүсдэг вэ?
1. Дааврын өөрчлөлт
- Жирэмсэн болон төрсний дараа эстроген, прогестерон, окситоцин зэрэг дааврын түвшин ихээхэн өөрчлөгддөг.
- Энэ нь тархины анхаарал, сэтгэл хөдлөл, ой санамжийг хариуцдаг хэсгүүдэд нөлөөлдөг.
2. Нойр дутуу байх
- Нярай хүүхдээ шөнө хөхүүлэх, хуурайлах гээд ээжүүд маань олон сэрдэг учир хангалттай нойр авч чаддаггүй.
- Нойр дутуу байх нь тархины мэдээлэл тогтоох, эргэн санах үйл явцыг сулруулдаг байна.
3. Стресс ба сэтгэлзүйн ачаалал
- Хүүхдээ анхаарах, өөрийн биеийн өөрчлөлтөд дасах, шинэ амьдралын хэв маягт дасан зохицох шаардлагаас үүдэн тархи байнга ачаалалтай ажилладаг.
4. Тархины бүтцийн өөрчлөлт
- Судалгаагаар жирэмсэн ба төрсний дараах үед тархины зарим хэсгийн бүтцэд түр зуурын өөрчлөлт гардаг бөгөөд тархины тодорхой хэсгүүдийн хэмжээ багасдаг нь тогтоогдсон.
- Энэ нь хүүхэдтэйгээ холбоо тогтоох, хамгаалах зөн совинг илүү хүчтэй болгохын тулд үүсэж байгаа физиологийн өөрчлөлт юм.
Хэр удаан үргэлжлэх вэ?
- Ихэнх тохиолдолд энэ үзэгдэл нь түр зуурын шинжтэй байдаг. Төрсний дараах эхний 6–12 сарын дотор хамгийн хүчтэй илэрдэг бөгөөд аажмаар хэвийн болдог.
- Гэвч зарим тохиолдолд 2 жил хүртэл үргэлжилж болдог. Мөн хангалттай амрахгүй байх, шим тэжээл дутагдах зэрэг нь “mommy brain”-ийг илүү хүндрүүлдэг.
Яаж даван туулах вэ?
- Аль болох хангалттай, чанартай нойр авах
- Амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хэрэглэх
- Хөнгөхөн дасгал хийх – хөдөлгөөн нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг
- Өөртөө цаг гаргах – стресс бууруулах арга (амьсгалын дасгал, бясалгал гэх мэт)
- Төрсний дараах нэмэлт витамин хэрэглэх