Эмэгтэйчүүдийн мөөгөнцрийн халдвар нь кандида төрлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг хамгийн нийтлэг тохиолддог өвчин юм. Хэвийн үед кандидоз нь ам, гэдэс, үтрээнд байх бөгөөд тодорхой нөхцөл бүрдсэн үед эмгэг төрөгч болон хувирч өвчин үүсгэдэг.
Дахилтат мөөгөнцрийн халдвар гэж юу вэ?
Мөөгөнцрийн халдвар нэг жилд 4 ба түүнээс олон удаа сэдэрч шинж тэмдэг илэрч байвал дахилтат мөөгөнцрийн халдвар гэж үзнэ. Энэ үед загатнах, хорсох, өвдөх, үтрээнээс өтгөн цагаан ялгадас гарах зэрэг шинж тэмдэг удаан үргэлжилж, амьдралын чанарт хүчтэй нөлөөлдөг.
Яагаад мөөгөнцрийн халдвар дахин сэдэрдэг вэ?
- Дааврын өөрчлөлт – жирэмслэлт, төрсний дараа, дааврын эм уух зэргээс болж болно.
- Чихрийн шижин – цусан дахь сахрын түвшин өндөр байх нь үрэвслийг удаан хугацаанд эдгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байдаг.
- Антибиотик хэрэглэх – Ашигтай бактерийн тоог багасгаснаар мөөгөнцрийн халдварт амархан өртдөг.
- Дархлаа сулрах – Халдвар амархан авах, бүрэн эдгэрэхгүй байх нөхцөл бүрддэг.
- Амьдралын хэв маяг – Химийн орц найрлагатай саван, үнэртэй ус хэрэглэх, агаар муу нэвтрүүлдэг дотуур хувцас өмсөх зэрэг нөлөөлнө.
Мөөгөнцрийн халдварын үед илрэх шинж тэмдэг:
- Үтрээ загатнаж, хорсоно
- Шаргал, цагаан, өтгөн хэлбэрийн ялгадас гарах (бяслаг шиг бүтэцтэй)
- Бэлэг эрхтний улайлт, хавдалт
- Шээх үед хорсох, өвдөх
- Бэлгийн хавьталд ороход өвдөх шинж тэмдгүүд ойр ойр давтамжтай илэрнэ.
Ямар эмчилгээ хийх вэ?
Нэг удаагийн эмчилгээ буюу мөөгөнцрийн эм уух эсвэл хэд хоног лаа, тос хэрэглэх нь дахилтат мөөгөнцрийн халдварыг бүрэн эмчлэхэд хангалтгүй байдаг. Иймд хоёр үе шаттай эмчилгээ хийх хэрэгтэй.
1. Халдварын хурц үеийг намдаах эмчилгээ
Эмчийн заавраар мөөгөнцрийн эм болон лаа, тос зэргийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
2. Дахилтаас сэргийлэх урт хугацааны эмчилгээ
- Удаан хугацаанд хэрэглэхэд гаж нөлөөгүй үтрээний салстыг нөхөн төлжүүлж, ашигт бактерийн өсөлтийг дэмждэг аюулгүй эм, тос гэх мэт хэрэглэх
- Амьдралын хэв маягийг өөрчлөх
- Зөөлөн, агаарыг нэвтрүүлэх дотуур хувцас сонгох
- Сахрын хэрэглээг багасгах, тэнцвэртэй хооллолтыг баримтлах
- Үтрээний өөрийгөө цэвэрлэх механизмыг дэмжих (хэт их саван, дотуур угаалга хийхгүй байх)
- Чийгтэй хувцас жишээ нь спортын хувцас, усны хувцас зэргийг удаан өмсөхөөс зайлсхийх