Хөхүүл ээж , нярай хүүхдийн  дархлааг хэрхэн дэмжих вэ?

 Жирэмсэн үед хэвлий дэхь шинэ хүнийг бойжуулан төрүүлэх үүднээс бие махбодын үйл ажиллагаа бүхэлдээ өөрчлөгддөн бөгөөд ихэвчлэн залуу хүмүүст энэхүү өөрчлөлтөөс шалтгаалсан зовиур шаналгаа жирэмсний эхэн үеийн хордлогоос бусдаар төдийлөн мэдрэгддэггүй бол харьцангуй ахимаг насны эсвэл архаг хууч өвчтэй эхчүүдэд жирэмсний зовиур шаналгаа мэдрэгдэх хандлагатай байдаг.

            Жирэмсэн үед дархаа тогтолцооны үйл ажиллагаа ч өөрчлөгдөх бөгөөд хэвлий дэхь хүүхдийг гэмтээхгүйн үүднээс үйл ажиллагаа нь харьцангуй суларч ирдэг тул жирэмсэн эхчүүд биеэ энхрийлж халдварт өртөж болзошгүй эрсдэлтэй зан үйлээс аль болох зайлсхийн хувийн ариун цэврийг чанд сахиж байх хэрэгтэй юм.

Төрсний дараагийн өдрөөс эхлэн төрсний дараах 6 сар хүртэл хугацаанд бие махбодын дархлааны хариу урвалыг хүч эрчим, өмнө нь тулалдаг ялж байсан өвчин үүсгэгчдийн эсрэг үүсгэх эсрэгбиеийн хэмжээ зэрэг нь бүрэн сэргэж ирэх бөгөөд хөхүүл эхчүүдийн хувьд эрүүл тэнцвэртэй хооллохыг эрхэмлэн, өөрийн бие махбод, төрсний дараах үе шатдаа тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр бие махбодоо эрүүл байлгах боломжтой байдаг.

Харин шинэ төрсөн нярайн бие махбод дархлаа тогтолцоог эрүүл байлгах хамгийн гол хүчин зүйл нь эхийн хөхний сүүгээр хооллох явдал юм. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх үедээ хэрэгцээт бүхий л шим тэжээлээ ихэс хэмээх эх үрийг холбосон түр зуурын эрхтэнээр дамжуулан эхийн цуснаас шимж авах бөгөөд ихсээр эхийн биеэс дархлааны эсүүд нэвтрэхгүй боловч харин эсрэгбие хэмээх дархлааны уургууд нэвтэрдэг ба энэ шинж чанарыг нь ашиглан эхийн бие өөрийн амьдралын явцад тулалдан ялж байсан бүх л өвчин үүсгэгчдийн эсрэг үүсгэсэн эсрэгбиеэсээ ихсээр дамжуулан үрдээ өгөх ба эдгээр эсрэгбиеүүд ихэвчлэн хүүхэд төрсөнөөс хойш 6 сарын хугацаанд хүүхдийн дархлаа тогтолцооны хамгаалалтанд оролцдог.

Учир нь нярай хүүхдийн эсрэгбие үүсгэх чадвар том хүнийхээс бага байдаг бөгөөд эхээс авсан эсрэгбие зарцуулагдан эсвэл өөрөө аяндаа задран дуусах хугацаа нь 6 сар орчим байдаг бөгөөд энэ үеэсээ эхлэн хүүхдийн бие В лимфоцит эсүүд өөрийгөө хамгаалах эсрэгбиеийг өөрөө бүтээж эхэлдэг. Хүүхэд завсрын энэ үедээ өвчинд өртөх эрсдэл нилээд өндөр байдаг бөгөөд энэ үед нь буюу 6 сараас 1 ой хүртэл хугацаанд нь халдварт өртөж болзошгүй бохир эрсдэлтэй зан үйлээс хүүхдийг аль болох хол байлгах хэрэгтэй.

Бага насны хүүхэд 0-5 нас хүртлээ хамрын ханиад гэх мэт гадаад орчинд өргөн тархсан өвчин үүсгэгчдэд өртөн дархлаа нь аажим зүгшрэх ба аажимдаа өвдөх давтамж нь цөөрч дархлаа тогтолцоо нь хэлбэржиж ирдэг.

Эцэг эхчүүдийн хувьд нярай болон балчир насны хүүхдийнхээ эрүүл мэнд, дархлаа тогтолцоог дэмжих хамгийн сайн арга бол тэднийг хөхний сүү болон насанд нь тохирсон хоолоор хангалттай сайн хооллох, цэвэр цэмцгэр байлгах, нойрны болон ачааллын зөв зохистой тогтсон дэглэмтэй өсгөх явдал юм.

Хөхүүл ээж дархлаа дэмжих зөвлөгөө:

1.Өдрийн цагийн хуваарь гаргах :Энэ нь өөртөө болон нярай хүүхдээ зориулах цагийг зохицуулж, өөрийгөө амраах боломж олгоно

2.Хангалттай 8-10 цаг унтах хэрэгтэй. Унтаж амарч байхад дархлааны эсүүдийн үйл ажиллагаа идэвхижин, халдвараас хамгаалах чадвар сайжрах бөгөөд төрсний дараах бие махбодид нөхөн сэргэх боломжыг олгодог байна.Мөн стресст тэсвэрлэх босгыг нэмэгдүүлдэг.

3. Чанартай хоолыг өдөрт 3-4 удаа хэрэглэх шаардлагатай. Бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай бүх шим тэжээл, хөхний сүүний чанарыг сайжруулах хоол хүнсийг тэнцвэртэй хэрэглэх нь хамгийн сайн дархлаа дэмжих арга юм.

4.Ус ундыг өдөрт 2литр хүртэл хэмжээгээр ууж хэрэглээрэй

Дархлаа дэмжих, олон төрлийн микроэлемэнтээр баялаг аньс, чацаргана, нэрс гээд бүх төрлийн жимсний шүүсийг уугаарай Мөн буцалсан бүлээн усыг ууж дархлаагаа дэмжээрэй

5. Өдөр бүр цэвэр агаарт алхах нь нярай болон залуу ээжийн дархлааг дэмжихээс гадна, сэтгэл санааг сайхан болгоно

Хөхүүл үедээ уураг, нүүрс ус, өөх тосны өдөр тутмын хэрэгцээг хангах болон фолийн хүчил, пантотен, аскорбины хүчил, B, D3, A, E, K бүлгийн бүлгүүд, эрдэс давс, эслэг агуулсан дараах хоол хүнсийг илүү түлхүү хэрэглээрэй

Исгэлэн сүү бүтээгдэхүүн, өөх тос багатай зуслангийн бяслаг - 1% -иас ихгүй;

Том ширхэгтэй талх, үр тариа. Бага зэрэг хатаасан

Хөнгөн мах: тугал, цацагт хяруул, туулай, үхрийн мах;

Цагаан загас;

Олон тооны ногоо, жимс, ургамал;

Үр тариа: Сагаган, будаа, эрдэнэ шиш, овъёос;

Хатуу бяслаг;

Бөднө шувууны өндөг, тахиа.

6.Дасгал хөдөлгөөн тохируулан хийгээрэй

Хүнд ачаалал, хэт идэвхтэй спорт нь шөрмөс, эд эсийн нөхөн сэргэлтийг удаашруулж, аарцагны эрхтнүүдийн үрэвслийг сэдрээх аюултай тул эдгээрийг хориглоно.

Хялбар биеийн тамирын дасгал, гимнастикийн дасгалууд нь зүрх судасны систем, булчингийн эдийг бэхжүүлж, шөрмөсийг чангалж , дархлаа дэмждэг байна

7. Өдөр бүр 1ш хөхүүл ээжийн витамин ууж байгаарай

Хоол хүнсээсээ авч чадахгүй байгаа олон төрлийн аминдэм эрдсийг нөхөн авч, дархлаагаа дэмжихэд тусална