Үс, хуйхны эрүүл мэндэд Е аминдэмийн нөлөө

Е аминдэм нь антиоксидант үйлдлээрээ дэлхийд танигдсан бөгөөд бие махбодид үүсч болох хортой нэгдлүүд болох чөлөөт радикал үүсэлтийг бууруулж, эсийг хамгаалах үйлдэл үзүүлдэг болох батлагдсан байдаг. 

Е аминдэмийг 1950 оноос хойш арьс судлалд нэвтрүүлж арьсны хөгшрөлт, бүх төрлийн үрэвсэл, нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтлийг эмчилж ирсэн байна. Энэхүү өөх тосонд уусдаг нэгдэл нь арьсны эрүүл байдлыг дэмжиж, хамгаалдаг.

Сүүлийн үед Е аминдэмийн идэвхитэй нэгдлүүд нь үсний гандаж, өнгөө алдсан шинж тэмдгийн эсрэг үс, хуйхны эрүүл мэнд болон ургалтанд нь сайнаар нөлөөлдөг. 

Е аминдэм таны үс, хуйханд ямар ач тустай вэ?  

Үс уналтын эсрэг: 2010 оны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд хийгдсэн нэгэн судалгаагаар үс уналттай хүмүүст Е аминдэмийг нэмэлтээр уулгаснаар үсний ургалтыг нэмэгдүүлэх үр дүнтэй болох нь батлагдсан байна. Уг аминдэмийн антиоксидант шинж чанар нь хуйханд үүсч буй хэт исэлдэлтийг бууруулж байсан. 

Хуйхны цусан хангамжийг сайжруулна: Е аминдэм нь хуйхны булцууны цусан хангамжийг нэмэгдүүлж, үсний эрүүл ургалтыг дэмжиж байсан. Гэхдээ Е аминдэм нь хуйхны цусан хангамжид шууд нөлөөлдөг болон үс ургахад ямар ач холбогдолтой болохыг олж мэдэхийн тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна.

Үс, хуйхны тослогийг тэнцвэржүүлнэ: Е аминдэм нь үс, хуйхны гадаргуу дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэж өгдөг. Энэ хамгаалалтын бүрхүүл нь чийглэгийг түгжиж өгдөг. Е аминдэм нь хуйхны тосны ялгаруулалтыг тэнцвэржүүлж чадах эсэх нь тодорхойгүй байгаа ч витамин Е агуулсан авокадотой тос нь хуйхыг чийгшүүлэхэд тусалдаг.

Үсний өнгийг сэргээнэ: Үсэнд гэмтэл үүссэний дараа үс өнгөө алдаж, амархан хугарч гэмтдэг. АНУ-н Арьс судлалын нийгэмлэгт өгүүлснээр үсний гадаргуугийн тослог бүрхүүл гэмтэж үгүй болсноор үс гялалзах чанараа алдаж гэмтэл үүсдэг байна. Е аминдэмээр баялаг тосыг нэмэлтээр хэрэглэснээр гэмтсэн бүрхүүлийг нөхөн сэргээж болно. Тослог бүрхүүл үүссэнээр чийгийг хадгалж, үсний хугарал, гэмтлээс хамгаалдаг байна. 

Хуйхны эрүүл байдлыг хамгаална: Е аминдэм нь арьсны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай тэр дундаа хуйхны эрүүл мэндэд хэрэгтэй. Хуйхны эрүүл байдал муудсанаар үсний эрүүл байдал дагаад мууддаг байна. Е аминдэм хуйхны эрүүл байдлыг хангаж, хэт исэлдэлтийг бууруулж, липидийн хамгаалалтын давхаргыг хадгалснаар үс ургах бат бөх суурь болж өгдөг. 

Е аминдэмийг хэрхэн хэрэглэх вэ?

Е аминдэмийг хоол хүнсээр болон хүнсний нэмэлт хэлбэрээр өдөр дутамдаа авах боломжтой байдаг. Гэхдээ үс, хуйхыг тусгайлан чийгшүүлэхийг хүсвэл Е аминдэмийг найрлагандаа агуулсан шампунь, ангижруулагч, маск, тосоор гаднаас нь байнга арчилж болно. 

Хоол хүнснээс: Хоол хүнснээс хангалттай хэмжээний илчлэг, уураг эсвэл микроэлементүүдийг авч чадахгүйн улмаас үс, хуйхны эрүүл байдал, бүтцийн алдагдал үүсдэг байна. Бүх төрлийн самар, навчит ногоонууд, чидун жимсний тос, наранцэцгийн тос, авокадо зэрэг нь Е аминдэмийн хамгийн баялаг эх үүсвэр юм. Мөн Е аминдэмийг гурил, үр тариа, овъёос зэрэгт баяжуулж өгч болно. 

Хүнсний нэмэлтээр: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд хийгдсэн судалгаанаас харахад хүмүүс Е аминдэмийг хүнсний нэмэлт хэлбэрээр авахаас илүүтэй хоол хүнсээр дамжуулан авахад илүү их ашиг тустай гэсэн үр дүнгүүд байдаг. Энэ нь хоолны орцны нарийн зохион байгуулалт, цэс бий болгосноор авах боломжтой. Гэвч Монгол хүмүүсийн хувьд хүнснээс хангалттай хэмжээгээр Е аминдэм авах боломж төдийлэн хангалтгүй байдаг. 

Аливаа хүчтэй антиоксидант агуулсан олон бүтээгдэхүүн тэр дундаа Е аминдэмийг эмчилгээний эсвэл урьдчилсан сэргийлэх байдлаар хэрэглэхийн өмнө тохиромжтой тунгаар, эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэхийг анхаарах хэрэгтэй.