Нойр бол бурхан, түүнийг шүт

Нойр гэж юу вэ? 

Нойр гэдэг нь хүний биемахбодийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм. Хэрвээ та жирийн нэгэн бол амьдралынхаа 36 хувийг унтаж өнгөрөөдөг ба хэрвээ 90 насалбал 32 жилийг нь унтаж өнгөрүүлнэ гэсэн үг. Энэ 32 жил бидэнд юу хэлж байна вэ гэвэл нойр тодорхой хэмжээгээр чухал. Гэтэл бидний ихэнх нь нойрны талаар боддоггүй. Бид зүгээр л орхичихдог. Бид нойрны тухай огт эргэцүүлж боддоггүй. 

Нойрны талаарх чухал зүйл бол нойр нь тархины аль нэг дан хэсгээс биш, харин тодорхой хэмжээний сүлжээнээс үүсдэг. Бидний тархины завсрын хэсэгт сонирхолтой бүтцүүд байгаа. Наад зах нь биологийн цаг байна. Биологийн цаг нь бидэнд хэзээ сэрэх нь сайн, хэзээ унтах нь зөв болохыг хэлж өгдөг бөгөөд түүний үүрэг нь завсрын тархины бусад хэсгүүдтэй, тухайлбал, өлсөлт болон нойрыг удирддаг мэдрэлийн эсүүдтэй харьцдаг. Эд бүгд хамтарч мэдрэлийн дохиоллыг доош тархины судалд илгээдэг. Тэгмэгц тархины судал дохиоллыг цааш дамжуулж, бор хальсанд хүртэл тархаж, биднийг сэргэг байлгадаг мэдрэлийн дамжуулагчуудад хүрснээр үндсэндээ биднийг ухамсартай байлгадаг. Иймээс нойр бол эдгээр маш олон хэсгүүдийн дунд бий болсон харилцаанаас үүсч, тэдгээрийн үр дүн нь биднийг унтах эсвэл сэрэхийг шийддэг байна. 

Бидний биеийн эд эс өдрийн турш элэгдээд, шөнө нь түүнийгээ нөхөн сэргээдэг. Учир нь тархин дахь олон тооны эд эсүүд зѳвхѳн унтаж байх үед идэвхжиж, нѳхѳн сэргээгддэг. Мөн тэдгээр нь бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцдог. Нойрны хэмийн хувьд нярай болон бага насны хүүхэд хоногт 18-22 цаг унтах шаардлагатай байдаг бол настай хүн 4-5 цаг унтах нь биологийн хэвийн хэрэгцээ болдог. Харин ихэнх хүмүүсийн хувьд хоногийн нойрны хэмнэл 6-8 цаг байдаг. Шөнийн нойрны тохиромжит цаг нь 21-05 цаг байдаг. 

Эрдэмтдийн тогтоосноор:

21:00-00:00 Хүний биеэс хорт бодис гадагшилж, дархлаа тогтолцоо идэвхиждэг.

23:00-00:00 Элэгний үйл ажиллагаа эрчимжиж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж байдаг. Мөн эсийн нөхөн төлжилт 8 дахин нэмэгддэг.

00:00-05:00 Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг. Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг. Уушиг нь өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа эрчимтэйгээр явуулдаг.

 

Нойргүйдэл гэж юу вэ?

Хүн хоногт нэг ба түүнээс дээш сар 6 цагаас бага цаг унтаж, унтахдаа 30 минут болон түүнээс дээш хугацаа зарцуулж байвал энэ нь нойргүйдэлд орсны түгээмэл шинж тэмдэг илэрч байгааг илтгэдэг. Мөн шөнийн цагаар сэрүүн унтах, сэрэх, өглөө нойрмог байдалтай байх, өдрийн цагаар ядрах, нойр хүрэх, цухалдангуй байх, сэтгэл зовних, сэтгэл гутралд орох, төвлөрөхөд хүнд байх, ой тогтоолт муудах, толгой өвдөх, дотор эрхтэн зовиурлах зэрэг шинж тэмдэг илэрч байвал нойргүйдэл орсон байна гэж үздэг. 

Эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсээс илүүтэй нойргүйдэлд өртөх нь элбэг байдаг.

  • Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үед мөн цэвэрших үед үүсэх дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр нойргүйдэл бий болдог. 
  • Жирэмсний сүүлийн саруудад эмэгтэйчүүд хичээгээд ч унтаж чадахаа больж шөнө ойр ойрхон сэрж, хар дарж зүүдэлснээсээ болж ядарч сульдан, уур уцаартай болж эхэлдэг. Гэвч энэ нь түр зуурын үзэгдэл юм. Гэхдээ бие давхар эмэгтэй болгон нойргүйдлээр шаналдаггүй.
  • Бага насны хүүхэдтэй ээжүүдийн хувьд шөнө хүүхэд нь уйлах, унтахгүй байх, өвдөх, сэрвэлзэж унтах зэрэг шалтгааны улмаас ээж олон хоног дутуу нойртой явах нойргүйдлийн шалтгаан болж байна.
  • Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойргүйдэл юм. Тухайлбал шөнө дунд халуун оргих мэдрэмж төрснөөр, тайван нойрсоход нь саад болдог гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

Хэрэв тухайн хүнд нойргүйдэл өдөр тутмын ажилд сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд зайлшгүй эмчид хандан шалтгаан болон эмчилгээг тодорхойлох хэрэгтэй. Нойргүйдлийг эмчлэхэд сэтгэл заслын болон эмийн эмчилгээг хэрэглэж болно. 

Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ? 

  • Унтлагын өрөө, орчны чимээ, тав тух хамгийн чухал байдаг. Унтлагын өрөөнөөс зурагт, утас, таблет, цахилгаан хэрэгслийг аль болох холдуулах, чимээг тусгаарлах
  • Мөн тогтмол цагт амралтын өдөр, баяр наадмын өдөр хамаарахгүйгээр унтаж хэвших хэрэгтэй. 
  • Хорт зуршлаас аль болох татгалзаж, унтахаас дор хаяж 2-3 цагийн өмнө хэт их идэх болон шингэн зүйл уухгүй байх. Кофег өдрийн 12 цагаас хойш аль болох уухгүй байх
  • Амьсгалын дасгалыг орой унтахаасаа өмнө 5-10 мин хийх
  • Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх

Уран зөгнөлт зохиолч, Жим Бутчерийн хэлснээр: "Нойр бол бурхан. Түүнийг шүт."