Шинжлэх ухаан батласан  цагаан гааны  “ 9 ид шид ”

Цагаан гаа нь Зүүн Өмнөд Азиас гаралтай эрүүл мэндэд нэн тустай ургамлын нэг юм. Цагаан гааг түүхийгээр, хатааж, нунтаг эсвэл тос  болгон ашигладаг. Гэрийн эзэгтэйн хамгийн дотны анд бөгөөд амттай хоолных нь нууц жор билээ. Zingiberaceae-ийн гэр бүлд багтдаг энэхүү ургамал эрдэмтэд судлаачдын анхаарлыг маш их татаж байгаа бөгөөд эрүүл мэндэд тустай нөлөөний талаар олон тооны судалгаа хийсэн байна.  Зөвхөн хоолны амт оруулагч биш гэж үү? гэсэн бодол хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг. Хүний биед тустай эсэх нь ам дамжсан яриа гэж бодож буй олон уншигчдийнхаа эргэлзээг тайлахын тулд энэ нийтлэлийг бэлдлээ.

Анагаах хүчтэй үйлчилгээтэй “гингерол” агуулсан.

 Цагаан гааг Хятад, Аюурвид буюу Энэтэхэгийн  уламжлалт анагаах ухаанд  олон мянган жилийн туршид өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Үүнийг хоолны шингэц сайжруулах , дотор муухайралтыг багасгах, ханиад томуутай  тэмцэх зорилгоор ашигладаг. Цагаан гаанд агуулагдах гингерол нь цагаан гааны үндсэн био идэвхит нэгдэл бөгөөд анагаах шинж чанарыг үзүүлдэг. Гингерол нь үрэвслийн эсрэг болон антиоксидант хүчтэй үйлдэлтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Үүний нэг жишээ нь хүний биед үүссэн чөлөөт радикалаас үүдэлтэй исэлдэлтийн стрессийг бууруулах нөлөө юм. (1)( 2)

Жирэмсний эрт үеийн хордлогонд тустай.

Цагаан гаа нь дотор муухайрах, бөөлжих зовиурыг намдаах өндөр үр дүнтэй.(4)(5)(6)(7) Мөн жирэмсний эрт үеийн хордлогын шинж тэмдэг болох дотор муухайрахад хамгийн үр дүнтэй. 1278 жирэмсэн эмэгтэйг хамруулсан 12 судалгааны тоймоор өдөр бүр 1.1-1.5 грамм цагаан гаа хэрэглэхэд дотор муухайрах шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг тогтоосон байна. Хэдийгээр цагаан гааг аюулгүй гэж үздэг боловч төрөх дөхсөн бол их хэмжээгээр уухаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.  1-1.5 грамм цагаан гаа нь химийн эмчилгээнээс үүссэн дотор муухайрах, мэс заслын дараа дотор муухайрах, жирэмсний эрт үеийн хордлогын зовиураас сэргийлж чадна.

Жин хасахад туслана

Дархлаагаа дэмжинэ, жингээ хасна. Итгэмээргүй сонсогдож байна уу? Гэхдээ энэ бол үнэн бөгөөд эрдэмтэд аль хэдийн судалж баталсан байна. 2019 оны судалгааны тоймд цагаан гаа агуулсан нэмэлт тэжээл нь илүүдэл жин эсвэл хэт таргалалттай хүмүүсийн биеийн жин, бэлхүүс-ташааны харьцаа, ташааны хэмжээг мэдэгдэхүйц бууруулсан. (8) Таргалалттай 80 эмэгтэйд хийсэн 2016 оны судалгаагаар цагаан гаа нь биеийн жингийн индекс (BMI) болон цусан дахь инсулины түвшинг бууруулсан. Цусан дахь инсулины түвшин өндөр байх нь таргалалттай холбоотой. Судалгаанд оролцогчид 12 долоо хоногийн турш өдөр бүр 2 грамм цагаан гааны нунтаг хэрэглсэн. (9) (10)  Хоол хүнсний талаархи 2019 оны судалгааны тоймд цагаан гааг хэт таргалалт, жин хасахад маш эерэг нөлөөтэй гэж дүгнэжээ.

Цусан дахь сахарыг  багасгаж, зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлнэ.

Энэ салбарын судалгааг саяхнаас хийж эхэлсэн ба цагаан гаа нь чихрийн шижингийн эсрэг хүчтэй нөлөөтэй болохыг тогтоожээ. 2015 онд 41 хүнийг хамруулан хийсэн судалгаанд өдөр бүр 2 гр цагаан гаа хэрэглэхэд өлөн үеийн сахарын хэмжээ 12 хувиар буурсан. (12) Мөн глюкожсон гемоглобин (HbA1c) буюу урт хугацаанд сахарын түвшинг илэрхийлдэг маркерыг 12 долоо хоногийн хугацаанд 10 хувиар бууруулжээ.

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаана.

Сар болгон “найз” тань дээр зочлоход өвчин намдаах эм уусаар л байна уу? Тэгвэл одооноос цагаан гаа хэрэглэж эхлээрэй. Цагаан гааг уламжлалт анагаах ухаанд өвдөлт намдаах буюу ялангуяа сарын тэмдгийн үеийн өвдөлтийн намдаахад хэрэглэдэг байжээ. 2009 онд 150 эмэгтэйд хийсэн судалгаанд 1 бүлэг эмэгтэйчүүдэд цагаан гаа өгч нөгөө 2 бүлэг эмэгтэйд дааврын бус үрэвслийн эсрэг эмийг (NSAID) эхний 3 өдөр өгсөн. Судалгаанд оролцогчид өдөрт 4 удаа  цагаан гааны нунтаг (250 мг)  мефенамикийн хүчил (250 мг), эсвэл ибупрофен (400 мг) тус тус уусан. Цагаан гааны өвчин намдаах нөлөө нь дээрх 2 дааврын бус үрэвслийн эсрэг эмтэй үр дүн адил байв. (13) Сүүлийн үеийн судалгаагаар цагаан гаа нь мефенаминий хүчил (Asmef) болон ацетаминофен буюу парацетамол/ибупрофен зэрэг эмтэй ижил үйлдэлтэй болохыг тогтоосон. (14) (15)

Цусан дахь холестерины түвшинг бууруулна

Бага нягтралтай липопротейны өндөр түвшинтэй хүмүүс зүрхний  өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд цаашдаа зүрх судасны өвчнөөр өвчлөх, артерийн даралт ихсэх үндэс суурь болдог.  Зүрх судасны өвчин нь дэлхийн болон Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. Харвалтаас үүдсэн нас баралтын 51 хувь, зүрхний титэм судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын 45 хувь нь цусны даралт ихсэлтийн шалтгаантай байна.  Тиймээс одооноос өөрийн биеэ хайрлаж эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Өдөр тутамдаа цагаан хэрэглэвэл энэ бүх эрдлээс таныг хамгаалах болно. 2018 онд гиперлипидемиатай (цусан дахь липидийн түвшин ихсэх) 60 хүнд хийсэн судалгаанд өдөр бүр 5 гр цагаан гаа хэрэглэхэд 3 сарын хугацаанд муу холестрол гэж нэрлэдэг бага нягттай липопротейны түвшин 17.4 хувиар буурсан(16). 2008 онд хийсэн судалгаагаар 45 хоногийн хугацаанд өдөр бүр 3 гр цагаан гааны нунтаг хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь холестерины түвшин 10 хувиар буурсан.( 17)

Хавдрын эсрэг гайхалтай тэмцэгч

Цагаан гааг хавдрын эсрэг эмчилгээнд ашиглах зорилгоор сүүлийн жилүүдэд эрчимтэй судлаж байна.  Түүний хавдрын эсрэг нөлөөг цагаан гааны үндсэн бодис болох гингерол үзүүлдэг.  (18) Мөн нойр булчирхайн хавдар, элэгний хавдарын эсрэг онцгой үйлдэлтэйг судлаачид баталсан.  (19) (20)  Үүнээс гадна хөхний хорт хавдар болон өндгөвчний хавдар үед эерэг нөлөөтэй. (21)

Тархины үйл ажиллагааг сайжруулж,  Алцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Ойрд ажил ихтэй, стресстэй, мартамхай болж байна уу? Тэгвэл яг одоо та цагаан гаатай цай ууж энэ бүх асуудлыг шийдээрэй. Стресс болон архаг үрэвслийн процесс нь хүний хөгшрөх процессийг хурдасгадаг. Эдгээр нь Алцгеймерийн өвчин болон насжилттай холбоотой танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах гол хүчин зүйл болдог гэж үздэг. 2012 онд эрүүл, дунд  насны эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар өдөр бүр цагаан гааны ханд уухад ой тогтоолтыг сайжруулж байгааг тогтоосон. ( 22)

Халдварт өвчинтэй тэмцэж, ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ.

Өвөл хаяанд ирлээ, ханиад томуунаас хэрхэн сэргийлэх учраа олохгүй яваа юм биш биз? Тэгвэл хамгийн энгийн аргаар халдвараас өөрийгөө болон хайртай гэр бүлийнхнийгээ хамгаалаарай. Цагаан гаанд хамгийн их агуулагдах Гингерол хэмээх бодис нь халдвар авах эрсдэлийг  маш сайн бууруулна. (23)  (24) Ханиадны үеийн шинж тэмдгүүдийг намдаах ба ялангуяа  халуун бууруулж, хоолойн өвдөлтийг намдаана (25). 

Өдөр бүр цагаан гаа хэрэглэснээр та өөрийн эрүүл мэндийг хамгаалж, дархлаагаа дэмжиж, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.