Шамбармын мэс заслын дараах арчилгаа — Таны мэдэх ёстой зүйлс

Хагалгааны дараа эхний 1–2 долоо хоногт хийх арчилгаа 

Өвдөлт намдаах: Эмчийн бичиж өгсөн өвдөлт намдаах эмийг цагийн дагуу тогтмол уух. Анус бол биеийн хамгийн мэдрэмтгий, олон мэдрэлийн төгсгөлтэй хэсэг. Ялангуяа шархтай үед энэ хэсэг нь жижиг зүйлд ч хүчтэй өвддөг, байнгын хөдөлгөөнд ордог (суух, хүндрэх, алхах) тул амрах боломжгүй. Иймээс өөрийгөө өвдөлтийн зовууриас хамгаалах нь эдгэрэх үйл явцыг нэмэгдүүлнэ. 

Зөөврийн суултуур ванн: Өдөрт 2–4 удаа 10–15 минут бүлээн усанд суух /усны температур 37-38С байвал зохилтой/.

Энэ нь булчин суллаж,  тайвшруулах, гэдэснээс хий гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Марганц, давс, үнэрт бодис, саван гэх мэт зүйлсийг хэрэглэхгүй. 

Мөсөн жин: Хэрэв өвдөлт тэсэхийн аргагүй байгаа тохиолдолд лугших, хавагнах, хорсож өвдөх зовуурийг намдаах зорилгоор 10–15 минутаар мөсийг алчуурт боож, анус орчимд тавих. 

Боолт ба ариун цэвэр: Бие зассаны дараа бүлээн усаар зөөлөн шүршиж угааж, ариун марлаар дарж хуурай болгоно. 00-н цаасыг эхний 1 сар хэрэглэхгүй байх.


Өтгөн хаталтаас сэргийлэх 

Өтгөн хаталт нь шархны өвдөлт, цус алдалтыг нэмэгдүүлдэг тул энэ хэсэг хамгийн чухал. 

Өдөр бүр:

  • 20–35 г эслэг (жимс, ногоо, бүхэл үр) 
  • 8–10 аяга ус ойр ойрхон, бага багаар уух /Оройн 20 цагаас өмнө/ 
  • 00-н өрөөнд суултуурт удаан суухгүй, дүлэх явц 2 минутаас хэтрэхгүй, хүчлэхгүй. 
  • Эмчийн зөвлөсөн өтгөн шингэлэх эмийг цагийн хуваарийн дагуу уух. 
  • Хагалгаанд орсноос хойш 48 цагт өтгөн гарахгүй бол эмчийн зөвлөсөн туулгах эмийг хэрэглэж болно. 

Идэвх ба хөдөлгөөн 

Хөнгөн алхалт, өдөр тутмын хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулж эдгэрэлтийг дэмжинэ. 

Хэт ачаалалтай дасгал, хүнд зүйл өргөхөөс 1–2 долоо хоног зайлсхий. 

Хүчтэй өвдөлт намдаагч хэрэглэж буй үед жолоо барихгүй байвал зохилтой. 


Яаралтай эмчид хандах дохио 

  • Их цус алдах: цагт ≥1 маарал норох хэмжээнд. 
  • Халуурах (>38°C), өмхий үнэртэй шүүрэл ялгарах 
  • Шээж чадахгүй болох. 
  • 3–4 дэх өдрөөс хойш өвдөлт огцом ихсэх, эсвэл 48 цагт өтгөн гарахгүй байх. 

Эдгээр шинж илэрвэл өөрийн мэс засалд орсон эмнэлэг, мэс заслын эмчтэйгээ даруй холбоо барьж үзүүлэх шаардлагатай.  


Хяналтын үзлэг 

Ихэнх тохиолдолд мэс заслын дараах 2–4 долоо хоногт хяналтын үзлэгт орно. Үзлэгээр шархны эдгэрэлт, дахилтаас сэргийлэх зөвлөмжийг шинэчилнэ. 

Хагалгааны дараах бүрэн эдгэрэх үйл явц 1-3 сар болно. Энэ хугацаанд маш сайн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.    


Дахилтаас урьдчилан сэргийлэлт, гам барих 

Оёдлын шарх бүрэн эдгээгүй үед ямар ч төрлийн тос, лааг дур мэдэн хэрэглэхээс зайлсхий. Хяналтын үзлэгийн явцад эмчийн зөвшөөрөлтэйгөөр хэрэглэх хэрэгтэй.  

Шамбарам өвчин нь 100% тухайн хүний амьдралын хэв маяг, дэгээс хамаардаг учир гам барихаас гадна дахилтаас сэргийлэх зорилгоор 4 дэх долоо хоногоос эхлэн ургамлын найрлагатай Пайлекс шахмал эмийг ууж болно. Энэ эм нь өтгөн хаталтыг бууруулж, үрэвслийн эсрэг, хаван буулгах, зангилаа дахин үүсэхээс сэргийлэх, цус тогтоох үйлдэл үзүүлдэг. 


 

~Хагалгааны дараах өвдөлт түр зуурынх, харин эдгэрэлт насан туршийнх. Та өдөр бүрийн алхам бүрээрээ эрүүл мэндээ бүтээж байна.~