Бөөрөнд аюултай 10 зуршил
1. Цангаагаа үл тоомсорлох
Ус бага уух нь бөөрний цусны эргэлтийг бууруулж, шээсийг өтгөрүүлнэ.
Үр дүнд нь: Бөөрний чулуу үүсэх нөхцөл бүрдэнэ, бөөр байнгын ачаалалтай ажилдаг.
Зөвлөмж: Өдөрт 2.5–3 литр ус уух (шалтгааны улмаас эмч шингэн хязгаарлах зөвлөгөө өгсөн бол түүнийгээ дагаж мөрдөх).
2. Өвчин намдаагч эмийг хэтрүүлэн хэрэглэх (NSAIDs)
Ибупрофен, диклофенак зэрэг эмийг байнга хэрэглэх нь бөөрний цусан хангамжыг бууруулна, ялангуяа өндөр настай хүмүүс, зүрх судасны өвчтэй, шингэний дутагдалтай, эсвэл давхар шээс хөөх эм хэрэглэж буй хүмүүст эрсдэл өндөр. Мөн Парацетамол / ацетаминофен / удаан хугацаанд замбараагүй хэрэглэх нь бөөрөнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй.
Зөвлөмж: Зөвхөн шаардлагатай үед, эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэ гэсэн хугацаанд хэрэглэх.
3. Давс ихтэй хооллолт
Илүүдэл давс нь даралт ихэсгэж, бөөрний жижиг судаснуудад гэмтэл үүсгэнэ.
Зөвлөмж: Боловсруулсан хүнснээс зайлсхий. Давсны оронд ургамлын амтлагч хэрэглэ.
- ДЭМБ-аас өдөрт <5 гр давс хэрэглэхийг зөвлөсөн байдаг.
4. Артерийн даралт их байх
Даралт ихсэлт бол бөөрний дутагдлын гол шалтгааны нэг. Ихэнх хүмүүс бөөр хүнд гэмттэл шинж тэмдгээ анзаардаггүй.
Зөвлөмж: Даралтаа тогтмол хянаж байх. Хооллолт, дасгал хөдөлгөөн, шаардлагатай бол эм уух.
5. Чихэр, сахар өндөртэй бүтээгдэхүүн их хэрэглэх
Цусан дахь сахар өндөр байх нь бөөрний гломерул доторх жижиг судасны ханыг гэмтээж, зузааруулж, чихрийн шижингийн нефропати үүсгэдэг.
Зөвлөмж: Цусан дахь сахараа тогтмол хянах. болж өгвөл сахаргүй хүнс идэх, амьдралын буруу дадал зуршил, хэв маягаа өөрчлөх.
6. Уургийн хэт их хэрэглээ
Эрүүл хүн өдөрт хэрэглэх уургийн зөвлөмж (RDA):
- 0.8 гр/кг жин/өдөр (жишээ нь 70 кг жинтэй хүн 56 гр уураг авах ёстой).
Гэхдээ маш өндөр уургийн хэрэглээ (≥2 гр/кг/өдөр) удаан хугацаанд хэрэглэх нь:
гломерулын шүүлтийн хурд (GFR) ихэсгэж, бөөрийг “хэт ачаалладаг” (гиперфильтраци),
цаашид бөөрний гэмтэлд нөлөөлөх магадлалтай /Ялангуяа фитнесс тамирчид, архаг бөөрний өвчтэй хүмүүс, /
Зөвлөмж: Зохистой хэмжээнд барих. Буурцаг, вандуй, зэрэг ургамлын уургыг түлхүү хэрэглэх.
7. Тамхи татах
Тамхи нь судасыг нарийсгаж, бөөрний цусан хангамжыг бууруулна. Мөн чихрийн шижин, даралт ихсэлт зэрэг өвчнийг улам дордуулдаг.
Зөвлөмж: Тамхинаас гарах арга хэмжээ авах. Тамхи татахгүй байх нь бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлж байгаа хэрэг.
8. Архи уух
Архи их уух нь даралт ихэсгэх, шингэний дутагдал үүсгэх, элэгний үйл ажиллагааг алдагдуулах ба энэ бүгд нь бөөрөнд нөлөөлнө.
Зөвлөмж: Боломжтой бол архинаас татгалз. Уувал өдөрт 1–2 стандарт нэгжээс хэтрүүлэхгүй бай.
- 1 шил шар айраг (330 мл, 5%) ≈ 1 стандарт нэгж
- 1 хундага дарс (100–120 мл, 12%) ≈ 1 стандарт нэгж
- 1 шот хатуу архи (30 мл, 40%) ≈ 1 стандарт нэгж
9. Шээсний замын халдварыг үл тоомсорлох
Шээс дамжуулах замын халдвараар ойр ойрхон өвдөх болон бүрэн эмчлэхгүй орхих нь бөөр рүү дамжин удаан хугацааны гэмтэл үүсгэдэг.
Зөвлөмж: Шээс дамжуулах замын халдвар илэрмэгц эмчид хандаж эмчлүүлэх, дахин сэдрэхгүй байх тал дээр ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн үргэлжлүүлэн хэрэглэх. Шээх үед хорсох, ойр ойрхон шээс хүрэх гэх мэт шинж тэмдэгийг үл тоомсорлож болохгүй.
10. Хөдөлгөөний дутагдал
Хөдөлгөөний дутагдал нь цусны эргэлтийг бууруулж, даралт ихэсгэж, чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ – энэ бүгд бөөрөнд сөрөг нөлөөтэй.
Зөвлөмж: Өдөр бүр хөдөлгөөнтэй байх. Долоо хоногт 5 өдөр, 30 минут дасгал хийхийг зорих.
Нэмэлт мэдээлэл
Бөөрний гэмтэл удаанаар, чимээгүй явагддаг.
Гэхдээ зөв дадал зуршлууд бөөөрийг тань хамгаалж чадна.
Бөөрний үйл ажиллагаагаа жилд нэг удаа шалгуулаарай, хэрэв та:
- Даралт ихсэлт, чихрийн шижинтэй бол
- Байнга өвчин намдаагч хэрэглэдэг бол
- 40-өөс дээш настай бол бөөрөө анхаараарай...