Нярайн асаргаа- Шинэхэн аав, ээжид зориулав.

Усанд оруулах

Нярай хүүхдийг өдөр болгон усанд оруулж байх нь зөв. Усанд оруулах тохиромжтой цаг нь оройн хооллолт буюу унтахын өмнөх мээм хөхөлтөөс өмнөхөн байна. Усанд оруулах хугацаа нь 5-7 минут байх ба долоо хоногт 2 удаа хүүхдийн савангаар угааж бусад үед нь цэвэр усаар угаана. 

Угаахдаа бие үрэгч хэрэглэхийг хориглох бөгөөд энэ нь нярайн арьсыг гэмтээх аюултай. Нярайг усанд оруулахдаа хөлийг усанд дүрж аажмаар ус руу гулсуулан алгуурхан оруулна. Ингэхдээ нэг гар дээрээ хүүхдийн толгой, цээж хэсгийг тавьж, нөгөө гараараа бөгсөн хэсгийг барьж доошлуулах маягаар ус руу аажмаар оруулан зөөлөн илэх маягаар биеийг угаана. Усанд орж дууссаны дараа зөөлөн алчуураар илж, суга, цавь зэрэг нугалаастай хэсгийг хуурай болтол арчина. 


Зөв өлгийдөх нь

Нярай нь амархан даарч хөрдөг тул дулаан байлгаж өлгийдөх нь маш чухал байдаг. Нярай хүүхдийн биеийн халуун 36.5-37.5 байдаг. Нярайн биеийн халуун 36 хэмээс доош буувал эх нь нүцгэн цээжиндээ хүүхдээ тэврэн, дулаан хучиж яаралтай дулаацуулна. Нярайн биеийн хэм дулаацахгүй бол яаралтай эмчид хандаарай. Нярайн өрөө 22-24 хэм дулаан байх нь тохиромжтой бөгөөд унтах өрөөний хэм 18 байх ёстой. Нярайг дулаан байлгахаар зөв өлгийдсөн байх ёстой.


Хөхөөр хооллолт

Хөх нь дугуй хэлбэртэй, нөсөөт хэсэг, хөхний толгой гэсэн ил харагдах хэсгээс бүрдэнэ. Хөхний нөсөөт хэсэгт олон тооны жижиг булчирхай байрлах бөгөөд булчирхай дотор сүү ялгаруулагч эсүүдээс тогтсон бүтэцтэй маш жижиг хүүдий хэлбэртэй цулцангууд байдаг. Пролактин дааврын нөлөөгөөр эдгээр цулцан руу сүү ялгаруулна. 

Хөхний сүүг ангир уураг, шилжилтийн сүү, найрлага тогтворжсон сүү гэж 3 ангилна. Ангир уураг нярайг халдвараас хамгаалах, зунгагийг туулгах, нүдний эмгэгээс хамгаалах зэрэг үүрэгтэй. Иймээс хүүхдийг төрөнгүүт 30 минутаас нэг цагийн дотор амлуулах ёстой байдаг.


Гэдэс дүүрэлтээс сэргийлэх арга

Нярайн гэдэс дүүрэхэд дараах шалтгаанууд нөлөөлнө.

  • Хүүхэд хөхөө дутуу үмхэж, хий залгих 
  • Хүүхдийг хэтрүүлж их хөхүүлэх, эсвэл хэт түргэн хөхүүлэх 
  • Эх нь хүүхдийн гэдэс дүүргэх янз бүрийн хүнс хэрэглэх 
  • Хүүхдийг хөхүүлсний дараа нуруугаар дээш харуулан хэвтүүлэх
  • Хүүхдийг хөхүүлсний дараа хэхрүүлэхгүй байх

Хүүхдийн гэдсэнд хий дүүрсэн үед авах арга хэмжээ

Хүүхдийн гэдсэнд нярайн эмчийн зөвлөгөөний дагуу иллэг маш болгоомжтой хийнэ. Мөн хүүхдийг зөв байрлалд хөхүүлж, хөхүүлсний дараа босоо байрлалд байлгаж хэхрүүлэн илүүдэл хийг гадагшлуулна. 

Мөн хүүхдийн гэдэсний дүүрэнги арилгах ургамлын Бонниспаз эмийг 4 дуслаар өдөрт 3 удаа 5 хоног уулгана.