БЗДХ, ХДХВ, ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх нь
Бэлгийн замаар дамжих халдварууд (БЗДХ), хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), дархлалын олдмол хомсдолын хам шинж (ДОХ) нь хүн бүрийн анхаарал хандуулах ёстой ноцтой асуудал юм. Эдгээрээс урьдчилан сэргийлэх нь хувь хүний эрүүл мэндийг хамгаалахаас гадна нийгэмд чухал нөлөө үзүүлнэ. Доорх аргуудыг хэрэгжүүлснээр та өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой.
БЗДХ, ХДХВ, ДОХ гэж юу вэ?
- БЗДХ – Бэлгийн хавьтлын үед дамждаг халдваруудыг хэлнэ. Үүнд заг хүйтэн, тэмбүү, хламид, херпес, трихомониаз, HPV (хүний хөхөнцөр вирус), ХДХВ зэрэг олон халдварууд багтана.
- ХДХВ – Хүний дархлал хомсдолын вирус нь дархлааны тогтолцоог гэмтээж, хүний биеийг халдварт өртөмтгий болгодог вирус юм.
- ДОХ – ХДХВ-ийн халдвар хүндэрч, дархлаа тогтолцоо бүрэн дарангуйлагдсаны улмаас үүсдэг өвчин.
Халдвар авах эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
1. Бэлгийн харьцаанд аюулгүй байх
- Бэлгэвч тогтмол хэрэглэх – Бэлгийн хавьталд орох бүрт шинэ бэлгэвчийг зааврын дагуу тогтмол хэрэглэх. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд латекс эсвэл полиуретан бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
- Тогтвортой харилцаатай байх – Итгэлтэй, халдвартай эсэхээ хамтдаа шалгуулсан нэг хүнтэй тогтвортой харилцаатай байх нь халдвар авах эрсдэлийг бууруулна.
- Бэлгийн хамтрагчийн тоог цөөлөх – Хамтрагч олон байх тусам халдвар авах эрсдэл нэмэгддэг.
-
Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах. Ямар нэг донтуулагч бодисын нөлөөнд орсон үед эрсдэлтэй бэлгийн зан үйлд амархан автах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох эрсдэл ихэсдэг.
-
Зөвшилцөх. Шинэ хамтрагчтай болсон үед илэн далангүй ярилцаж, ойлголцох. Хоорондоо юуг хийж болох хийж болохгүй вэ гэдгээ нээлттэй ярилцаж тохиролцсоноор эрсдлийг бууруулна.
2. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах
- БЗДХ, ХДХВ-ийн халдвар нь эхэн үедээ шинж тэмдэггүй байх тохиолдол олон байдаг. Тиймээс тогтмол шинжилгээ өгөх нь эрүүл мэндээ хамгаалах чухал арга юм.
- Шинжилгээ өгснөөр халдвар илэрвэл цаг алдалгүй эмчлүүлэх боломжтой.
-
Дархлаажуулалтанд хамрагдах. Хүний хөхөнцөр вирус (HPV), элэгний A, B гепататын эсрэг вакцин хийгдэж байна. Дархлаажуулалтанд хамрагдсанаар бэлгийн замаар дамжих зарим халдавараас сэргийлэх боломжтой.
3. Зөвхөн ариутгасан эмнэлгийн хэрэгсэл хэрэглэх
- Халдвартай хүний цус, биологийн шингэнээр дамждаг учраас тариур, зүү, шивээсний хэрэгсэл зэргийг бусадтай хуваалцахгүй байх хэрэгтэй.
- Эмнэлэгт зөвхөн ариутгасан нэг удаагийн багаж хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг шалгах.
Халдварт өртсөн тохиолдолд яах вэ?
- Хэрэв та БЗДХ-ийн халдвар авсан гэж сэжиглэж байгаа бол нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Ихэнх БЗДХ-ууд эрт оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой.
- ХДХВ-ийн халдвартай болсон тохиолдолд дархлааг дэмжих эмчилгээ (АРТ – антиретровирус эмчилгээ) хийлгэх нь чухал. Энэ нь ХДХВ-ийн өсөлтийг удаашруулж, өвчний хүндрэлээс сэргийлнэ.
БЗДХ, ХДХВ, ДОХ нь эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг боловч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Бэлгэвч хэрэглэх, шинжилгээнд тогтмол хамрагдах, ариун цэврийн дэглэм сахих, эрүүл амьдралын хэв маяг баримтлах нь таны эрүүл мэндийг хамгаалах чухал алхмууд юм.