Нярайн гэдэс дүүрэлт 

Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр уйлах нь хамгийн түгээмэл тохиолддог зовууриудын нэг. Энэ үед аав, ээжүүд маань яах учраа олохгүй сандрах нь их байдаг. Тэгвэл та бүхэндээ нярайн гэдэс дүүрэлтийн талаар мэдээлэл хүргэж байна. 

Нярайн гэдэс дүүрэх шалтгаанууд: 

Үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөгжил бүрэн гүйцээгүй, сүү боловсруулах ашигтай бактерүүд болон хоол боловсруулах ферментүүд хангалтгүй байдагтай холбоотой. Ихэнхдээ гэдэс дүүрэлтийн үед гэдэсний өвдөлт дагалддаг ба үүнээс болж хүүхэд уйлдаг. Хүүхэд 3-6 сар хүрэх үед буюу ходоод гэдэсний хөгжил гүйцэх үед энэ зовуурь арилдаг. 

Хүүхдээ буруу тэвэрч хөхүүлэх. Буруу байрлалд хөхүүлэх явцад хүүхэд агаар сорж залгих ба хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ шалтгаанаас үүсэх гэдэс дүүрэлтээс зайлсхийх энгийн арга бий. Хүүхдээ хөхүүлсний дараа босоо байрлалд  хэдэн минут тэвэрч хэхрүүлснээр илүүдэл хий гадагшилна.  

Ээжийн идэж буй хоол хүнсүүд нь хүүхдийн гэдэс дүүрэхэд нөлөөтэй. Мөн хөхүүл эхчүүд хөхөндөө сайн сүү оруулахын тулд сайн гэсэн хүнсний бүтээгдэхүүн бүрийг их хэрэглэх тал бий. Энэ нь зарим тохиолдолд нярайн гэдэс, ходоодыг нь амархан хямруулж улмаар гэдсийг дүүргэх эрсдэлтэй байдаг тул ээж та хоолондоо анхаараарай.  

Хүүхэд гэдэс дүүрэхэд нөлөөлдөг өвчин үүсгэгч бактерийн халдвар авах. Эдгээр бичил биетүүд (гэдэсний савханцар) гэдэсний хий үүсэх байдлыг нэмэгдүүлж, хэвлийгээр өвдөхөд хүргэдэг учраас ариун цэврийн дэглэм сайн баримтлаарай. 

Нэмэлт сүү буюу хөхний сүү орлуулагчаар хооллодог хүүхдүүдэд гэдэс дүүрэх нь хөхөөр хооллодог хүүхдээс илүү тохиолддог. Учир нь хөхний сүү орлуулагчийг ихэнхдээ үхрийн сүүнээс гарган авдаг. Үхрийн сүүнд агуулагдах зарим уургийг задлах чадваргүй байдаг. Ийм хүүхдэд сүү нь шингэхгүйгээс болж гэдэс дүүрэх нэг шалтгаан нь болдог.  Энэ үед эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөө авч солиорой.   

Нярайн коликийн гурвал шинж: 

-Өдөрт 3 цагаас удаан үргэлжлэх 

-Зовуурь долоо хоногт 3-аас олон удаа давтагдах 

-Зовуурь 3 долоо хоногоос удаан үргэлжлэх  

Та доорх шинж тэмдэг гэдэс дүүрэлттэй хамт дагалдаж байгаа бол яаралтай эмчид хандаарай. Үүнд: 

-Баас гарахгүй болох 

-Өтгөн цустай гарах 

-Маш ихээр гулгих 

Нярайн гэдэс дүүрэлтийн үед авах арга хэмжээ: 

-Зөв байрлалаар хөхүүлэх

-Хэрэв та хүүхдээ угжаар хооллодог бол толгойг нь хэвлий хэсгээс өндөрт байрлалд угжих хэрэгтэй. Ингэснээр сүү нь ходоодны ёроолд, агаар дээшээ гарч гадагшлахад илүү хялбар болно. 

-Хөхүүлэхийн өмнө гэдсэнд иллэг хийх, хөлийг өвдөг түнхний үеэр гэдэс рүү шахах дасгал хийлгэж болно. Хэрэв хүүхдийн гэдэс дүүрэн байгаа үед хийвэл хүүхэд гулгих эрсдэлтэйг анхаараарай. 

-Хөхүүлсний дараа хүүхдээ босоогоор тэвэрч, нурууг зөөлөн илж өгөөд хүүхдээ хэхрүүлээрэй. 

-Гэдэс дүүрэлт болон бусад зовуурийг намдаах ургамлын найрлагатай, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглээрэй.  

Эх сурвалж:https://www.webmd.com/parenting/baby/features/infant-gas

Бэлтгэсэн: Хүний их эмч Б.Оюунтуяа