Шээсний шинжилгээний хариу юуг хэлж байна вэ?

Шээс нь хүний бодисын солилцооны  биед хортой , хэрэггүй эцсийн үлдэгдэл нэгдлүүдийг агуулсан байдаг. . Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 600-2000 мл шээсийг ялгаруулдаг ба шөнөдөө 400 мл-ээс дээшгүй шээсийг ялгаруулдаг. Бага насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн жингийн кг тутамд ойролцоогоор 3-4 дахин их шээсийг ялгаруулдаг.

Шээсний pH: Бөөр, уушиг нь хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахын тулд хэвийн ажиллагаатай байх хэрэгтэй.

Уушиг нь CO2 -ийг ялгаруулдаг бол бөөр нь HCO3 -ийг бий болгож аммоний ионыг ялгаруулдаг.

Хэвийн pH. Хэвийн хоолны дэглэмтэй насанд хүрэгчид ойролцоогоор 50-100 mEq устөрөгчийн ионыг 24 цагийн дотор ялгаруулдаг ба шээсний pH нь 6 байдаг. Эрүүл хүмүүсийн шээсний pH нь 4,6-8 хооронд байдаг.

Хүчиллэг шээс (pH <4.6) үүсэх нь цангис жимс мөн мах их хэрэглэснээс үүсдэг. Мөн дотоод хүчлийн нийлэгжил ихсэх, архаг суулгалтын үед илэрдэг. Аммонийн хлорид, метионин зэрэг эмийн хэрэглээнээс болж шээс хүчиллэг болдог. Бодисын солилцооны эсвэл хийн хүчилшилтэй өвчтөн аммоний ионы концентраци ихэссэн шээс ялгаруулна. Чихрийн шижингийн кето хүчилшлийн үед устөрөгчийн ион, аммонийн ион их хэмжээгээр ялгардаг.

Шүлтлэг шээс (pH >8) нь цитрусын төрлийн жимс, хүнсний ногоо их хэрэглэсний дүнд үүсдэг. Мөн нянгийн халдвар, бодисын солилцоонд шүлтийн нийлэгжил ихсэх, бөөлжилтийн үед үүснэ. Натрийн бикарбонат, калийн цитрат, ацетоламид агуулсан шүлтлэг шээс нь зарим бөөрний чулууний эмчилгээний нөлөөний үед ажиглагддаг.

Хувийн жин: Шээсний хувийн жин нь нэрмэл устай, шээсний бүрдлийн хэсгүүдийн тоо болон хэмжээг харьцуулсан жин юм. Шингэнээ хангалттай авч байгаа хэвийн насанд хүрэгчдийн шээсний хувийн жин нь 1,016-1,022 байдаг хэдий ч хэвийн үйл ажиллагаатай бөөрнөөс ялгарах шээсний хувийн жин нь 1,003-1,035 хэмжээтэй байдаг. Хувийн жин багатай буюу 1,007- аас багагүй жинтэй шээсийг гипостенурик (hyposthenuric) гэнэ. Чихрийн шижингийн үед шээсний хувийн жин 1,001 байдаг. Тэвшинцрийн (пиелонефрит) үрэвсэл болон түүдгэнцрийн үрэвсэл (гломерулонефрит) зэрэг өвчний үед удаан хугацаагаар хувийн жин багатай шээсийг ялгаруулдаг. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах, элэгний өвчлөл, зүрхний хэт ачаалал мөн усны илүүдлийн үед шээсний хувийн жин өндөр байдаг.

Уураг ба микроальбумин: Шээсний туузан оношлуур нь шээсэндэх тодорхой уургуудыг илрүүлэх ба бусад уургуудаас микроальбуминд 9 дахин илүү мэдрэг байдаг. Хэвийн үед өдөрт шээсний хэмжээнээс хамаараад дунджаар 2-10 мг/дЛ концентрацитай 150 мг/хоног хүртэл уураг ялгардаг. Харин альбумин нь 30 мг/хоног хүртэл бол хэвийн гэж үзнэ. Гэвч зарим өтгөн концентрацтай шээс, шээс цуглуулах доголдлын тохиолдолд уураг илэрч болдог. Мөн эрчимтэй спортоор хичээллэсний дараа, биеийн хүчний ажил, жирэмсний үе, өтгөн кофе цай зэрэг зарим хоол хүнс хэрэглэсэн үед уураг илэрч болно.

Креатинин: Хэвийн нөхцөлд хоногт шээсээр 0,6-2,0 гр креатинин ялгарч байдаг. Креатинин нь креатин болох булчингийн чүхал хэсгийн задралын бүтээгдэхүүн юм. Креатинин их хэмжээгээр шээсээр ялгарах нь бөөр шээсний замын эмгэг, булчин задралын эмгэгийн үед ажиглагддаг.

Сахар: Эрүүл хүний шээсэнд сахар илрэх ёсгүй байдаг. Сахар илрэх нь бөөрний сувганцрын эргэн шимэгдэх үйл явцын алдаа болон чихрийн шижин өвчинтэй хүмүүст ажиглагддаг.

Кетон: Энэ нь өөхний хүчлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн юм. Эрүүл хүмүүст кетон нь элгэнд үүсэж бодисын солилцоонд бүрэн орж маш бага хэмжээгээр шээсэнд үзэгддэг. Нүүрс усны бодисын солилцоо алдагдсан, нүүрс усны шимэгдэлт буурсан, хоол хүнсээр хангалтгүй хэмжээний нүүрс ус авсан тохиолдолд биен дэх бүтээгдэхүүнүүд бодисын солилцоогоор өөхний хүчлийн хэмжээг ихэсгэдэг. Улмаар өөхний хүчлийн ихсэлт кетон үүсгэж цус шээсэнд эргэлддэг байна. Их өлсөх, улаан хоолой нарийсах, удаан хугацаагаар бөөлжих, халуурах, ходоодны хавдар, эклампси өвчний үед кетонури илэрдэг.

Билирубин: Билирубин нь элэг, цөс, ясны чөмөгний нэг бөөмт фагоцит системийн эсэд үүсдэг гемоглобины задралын бүтээгдэхүүн юм. Эрүүл насанд хүрэгчдийн шээс нь децилитр тутамд 0,02 мг билирубиныг агуулдаг. Шууд бус билирубин нь усанд уусдаггүй, шууд билирубин нь усанд уусдаг учир бөөрний түүдгэнцрээр дамжин шээсэнд ордог. Энэхүү 0,02 мг бүхий бага хэмжээ нь энгийн шинжилгээний аргаар илрүүлэх боломжгүй байдаг. Шууд билирубин шээсэнд илрэх нь цусны сийвэнд шууд билирубиний хэмжээ их байгааг илэрхийлдэг. Энэ нь элэгнээс цөсний урсгалын саатал үүссэн эсвэл элэгний эсийн эмгэгтэй холбоотой. Шээсний шинжилгээнд билирубин болон уураг их хэмжээгээр илрэх нь цус задрал болон элэг цөсний өвчний үед ажиглагддаг.

Уробилиноген: Билирубин нь цөсөнд нийлэгжиж гэдэсрүү шимэгдэн уробилиноген болон задардаг. Уробилиноген цаашид шээсэнд шингэн, зарим хэсэг нь шээстэй хамт ялгарч байдаг. Бөөрний өвчний үед уробилиноген цусанд хуримтлагдан шээсээр их хэмжээгээр ялгардаг. Уробилиногенгүй билирубин илрэх нь цөсний бөглөрлийн хам шинжийг харуулдаг.

Нитрит: Шээсний замын өвчин үүсгэгч грамм сөрөг бактериуд нь нитратийг нитрит болгон хувиргадаг. Өргөн тархсан E.coli, Enterobacter, Proteus, Staphylococcus болон Pseudomonas-ийн зүйлүүд байдаг. Enterecoccus нь нитратыг нитрит болгон задалж чаддагүй. Хэрвээ нитритийн шинжилгээ эерэг гарвал цаашид нян өсгөвөрлөх шинжилгээг хийнэ. Эсвэл сорьцыг зөв авсан, сорьц цуглуулах сав ариун бус байсан зэргээс өөрчлөлттэй гарч болдог. Мөн шээсний сорьц авснаас хойш 2-4 цагийн дотор нитрат нь нитрит болон хувирдаг тул сорьц авсан даруйд лабораторид авчрах хэрэгтэй. Өглөөний шээсний дунд хэсгээс авсан сорьц хамгийн тохиромжтой байдаг.

Кальци: Кальцийн гомостаз нь паратиройд даавар болон кальцитриолоор зохицуулагддаг. Эдгээр нь ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг дааврууд юм. Паратиройд даавар нь фосфорын эргэн шимэгдэлтийг багасгадаг ба бөөрний сувганцрын эсэд кальцийн эргэн шимэгдэлтийг ихэсгэдэг. Мөн паратиройд даавар нь кальцитриолын нийлэгжилтийг ихсгэдэг ба нарийн гэдсэн дэх кальц болон фосфорын шимэгдэлтийг ихэсгэдэг. Цусны сийвэн дэх кальц ,фосфорын хэмжээ багасах үед паратиройд болон кальцитриол дааврын нийлэгжилтийг өдөөдөг.

Гиперкальцуриа гэдэг нь хоногийн шээсний хэмжээнд 0,1 ммол/кг хэмжээтэй кальци ялгарахыг хэлнэ. Шээсэнд кальци ихсэх нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлт ихсэх, бөөрний сувганцрын кальцийн эргэн шимэгдэлтийн доголдол , ясны сийрэгжилт зэргээс хамаатай. Гэвч ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй байдаг. Шалтгаан тодорхойгүй гиперкальциуриа үүсэх шалтгаан нь эсийн мембраны өөхний хүчлийн дутагдал, витамин Д-ийн нийлэгжилт ихсэлт, моноцитын эмгэг зэрэг таамаглал байдаг. Ясны эмгэг болон хавдар задралын үед яснаас хамаарч шээсэнд кальци ихсэнэ. Бөөрний эмгэг, саркодойз мөн фуросемид болон кальцийн бэлдмэл зэрэг эмүүд.

Аскорбины хүчил: Витамин C эсвэл аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэсний дүнд шээсэнд аскорбины хүчил их хэмжээгээр ялгардаг. Өндөр агууламж бүхий аскорбины хүчил нь глюкоз, гемоглобин зэрэг үзүүлэлтэнд хуурамч сөрөг үр дүнд хүргэж чадна. Учир нь шээсийг хэт хүчиллэг болгож бусад үзүүлэлтийн мэдрэг чанарыг нь сулруулдаг.