“Гэдэсний орчин” ба коликийн орчин үеийн ойлголт

Колик гэж яг юу вэ?

Орчин үеийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг Rome IV шалгуураар колик гэдэг нь 5 сартайгаас доош нярайд тодорхой шалтгаангүйгээр давтамжтай, удаан үргэлжлэн уйлах, уцаартай байх, тавгүйрхэх шинж илрэхийг хэлдэг. Гол нь энэ үед хүүхэд халуураагүй, жин буураагүй, өөр өвчний шинжгүй байх ёстой. Өмнөх үеийн “өдөрт 3 цагаас их, 7 хоногт 3-аас олон өдөр, 3 долоо хоногоос дээш” гэх “3-н дүрэм” ойлголтыг одоо клиникийн практикт хатуу барихаа больж, бодит амьдралд илүү нийцтэйгээр тайлбарладаг болсон.

Колик ихэвчлэн амьдралын эхний хэдэн долоо хоногт эхэлж, 4–6 долоо хоног орчимд оргилдоо хүрээд, ихэнх хүүхдэд 3–4 сартайд аяндаа багасдаг. Тиймээс колик нь эцэг эхэд маш хүнд сорилт болдог ч олонх тохиолдолд өөрөө намддаг түр зуурын үзэгдэл байдаг.


“Гэдэсний орчин” гэж юу гэсэн үг вэ?

Сүүлийн жилүүдэд “гэдэсний орчин” гэх ойлголт их яригдах болсон. Энэ нь зөвхөн өтгөн хатах, хий ихсэхийг хэлэхгүй. Харин гэдсэнд амьдарч буй ашигтай ба ашиггүй бичил биетнүүдийн тэнцвэр, гэдэсний салстын хамгаалалт, хоол шингээлт, дархлааны урвал, үрэвслийн дохио, мэдрэл-гэдэсний холбоос зэргийг хамарсан өргөн ойлголт юм. Нярайн амьдралын эхний саруудад энэ орчин маш хурдтай бүрэлдэж байдаг бөгөөд төрөх зам, хөхөөр хооллолт, антибиотик, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.


Тэгвэл колик үнэхээр гэдэстэй холбоотой юу?

Орчин үеийн хариулт нь: зарим талаар тийм, гэхдээ зөвхөн түүгээр тайлбарлагдахгүй. Судалгаанууд коликтай хүүхдүүдийн гэдэсний орчинд тодорхой ялгаа байж болохыг харуулсан.
Жишээлбэл, ашигтай гэж үздэг Lactobacillus, Bifidobacterium-ийн хэмжээ харьцангуй бага, харин Proteobacteria бүлэг илүү их байх хандлага ажиглагдсан. Мөн бага зэргийн үрэвслийн оролцоо байж болзошгүй гэсэн шинэ нотолгоо гарч байна. Гэхдээ энэ бүхэн “коликийн ганц шалтгаан бол гэдэсний орчин” гэсэн үг биш, зөвхөн нэг боломжит механизм юм.


Яагаад коликийг дан “хий” гэж үзэхээ больсон бэ?

Коликтай хүүхэд хөлөө гэдэс рүүгээ татах, гэдсээ чангалж байгаа мэт харагдах, орой үдэш илүү их уйлах нь элбэг. Энэ төрхөөс болж олон хүн “хий дүүрээд өвдөж байна” гэж ойлгодог. Гэхдээ Rome IV-ийн мэргэжилтнүүд колик нь нэрээсээ үл хамааран заавал ходоод гэдэсний шалтгаантай байх албагүй, өөрөөр хэлбэл зарим нярайд мэдрэлийн хэт сэрэмтгий байдал, орчиндоо мэдрэг байх, тайвшрах чадвар хараахан төлөвшөөгүй байх зэрэг тайлбар бас чухал гэж онцолж байна.

Иймээс коликийг өнөөдөр “гэдэсний өвчин” гэхээс илүү өөрөө эдгэрэх хандлагатай, олон хүчин зүйлт, үйл ажиллагааны шинжтэй нярайн хам шинж гэж ойлговол илүү зөв.


Хооллолттой холбоо бий юу?

Зарим хүүхдийн хувьд сүүний хэт мэдрэгшил коликтай төстэй шинж өгч болдог. Ийм үед нэмэлт шинжүүд хамт байдаг: тууралт, өтгөнд цус, бөөлжих, жин нэмэхгүй байх зэрэг.
Хөхөөр хооллож байгаа хүүхдийн хувьд зарим сонгомол тохиолдолд эхийн хоолноос тодорхой харшил өдөөгчийг түр хасахыг авч үзэж болдог.


Тэгвэл эцэг эх юу ойлговол хамгийн зөв бэ?

Нэгдүгээрт, колик бол таны буруу биш.
Хоёрдугаарт, хүүхэд тайвшруулах механизм нь хараахан бүрэн хөгжөөгүй байж болно.
Гуравдугаарт, колик ихэнхдээ аюултай өвчин биш ч онош нь бусад өвчнийг үгүйсгэсний дараа тавигддаг. Өөрөөр хэлбэл эмч эхлээд халууралт, бөөлжилт, жин муудах, өтгөнд цус, шингэн алдалт, хүчтэй суулгалт, гэдэс дүүрэлт зэрэг ноцтой шалтгаан байгаа эсэхийг шалгах ёстой.


Ямар үед заавал эмчид үзүүлэх вэ?

Дараах шинж байвал “зүгээр колик” гэж хүлээхгүй: халуурах, хөхөө муу хөхөх, жин нэмэхгүй байх, бөөлжих, өтгөнд цус үзэгдэх, хүүхэд суларч унтаарах, шингэн алдалтын шинж илрэх, эсвэл уйлах хэв маяг гэнэт өөрчлөгдөх. Эдгээр нь коликоос өөр шалтгааны дохио байж болдог.