Түрүү булчирхайн томрол нь түрүү булчирхайн эд аажмаар томорч, шээсний сувгийг нарийсган дарснаар шээх үйл ажиллагаанд саад үүсгэдэг өвчин юм.
Энэ нь хорт хавдар биш, өөрөөр хэлбэл “хоргүй томрол” боловч шинж тэмдэг нь өдөр тутмын амьдралын чанарт нөлөөлж, зарим тохиолдолд хүндрэл үүсгэх боломжтой тул заавал эмчид үзүүлэх шаардлагатай.
Түрүү булчирхай хаана байрладаг вэ? Ямар үүрэгтэй вэ?
Түрүү булчирхай нь давсагны доор байрлаж, шээсний сүвийг хүрээлэн оршдог жижиг булчирхай юм.
Түүний үндсэн үүрэг нь үрийн шингэний найрлагад оролцох бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг хэсэг юм.
Түрүү булчирхайн томролын шалтгаан
Түрүү булчирхайн томрол үүсэхэд нөлөөлөх хамгийн түгээмэл хүчин зүйлс:
- Нас ахих - Ихэвчлэн 40 наснаас хойш дааврын тэнцвэр өөрчлөгдөж эхэлдэг.
- Удамшлын нөлөө
- Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал
- Чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг
Түрүү булчирхайн томролын шинж тэмдэг
- Шээс ойр ойрхон хүрэх, шөнө олон дахин шээх
- Шээс тасалдах, Дүлүүлж шээх
- Дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.
Түрүү булчирхайн томролын эмчилгээ
Эмчилгээ нь шинж тэмдгийн хүч, хүндрэлээс шалтгаалан шатлалтай хийгддэг.
1. Амьдралын хэв маяг өөрчлөх
- Орой шингэн бага уух
- Кофе, архи багасгах
- Хүйтэнд удаан хугацаагаар суухгүй байх
- Илүүдэл жинтэй бол жингээ бууруулах, хөдөлгөөн нэмэх
2. Эмийн эмчилгээ
- Альфа-1 хориглогч - Шээсний суваг орчмын булчинг сулруулж, шээсний урсгалыг сайжруулна
- 5-альфа редуктаз дарангуйлагч - Түрүү булчирхайн хэмжээг томрохоос урьдчилан сэргийлнэ.
- Хосолсон эмчилгээ - Дээрх хоёр төрлийн эмийг хавсруулснаар шинж тэмдэг илүү сайн сайжрах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж нэмэгддэг.
3. Мэс заслын эмчилгээ
- Эмийн эмчилгээ үр дүн муу байх, эсвэл хүндрэл үүссэн тохиолдолд мэс засал эмчилгээ хийнэ.
.jpg)

