Түрүү булчирхайн томрол нь дунд болон ахимаг насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог, амьдралын чанарт нөлөөлөхүйц эмгэг юм.
Түрүү булчирхай гэж юу вэ?
Түрүү булчирхай нь давсагны доор байрлаж, шээсний сувгийг хүрээлж байрладаг жижиг булчирхай юм. Үрийн шингэний нэг хэсгийг ялгаруулах үүрэгтэй. Хэмжээ нь томрох үед шээсний суваг дарагдаж, шээхтэй холбоотой зовуурь үүсдэг.
Түрүү булчирхайн томрол яагаад үүсдэг вэ?
1. Насжилт – Хамгийн том хүчин зүйл
- 40-өөс дээш насанд түрүү булчирхайн томролын эрсдэл огцом нэмэгддэг.
- Нас ахихын хэрээр эсүүдийн өсөлт, үхэл (апоптоз)-ын тэнцвэр алдагдаж, булчирхайн эд аажмаар ихэсдэг.
2. Дааврын өөрчлөлт
- Эрэгтэй хүний гол даавар болох тестостерон нас ахих тусам багасдаг ч энэ даавар түрүү булчирхайн дотор Дигидротестостерон гэдэг илүү хүчтэй хэлбэрт хувирдаг.
- Дигидротестостерон нь түрүү булчирхайн эсүүдэд “өс, томор” гэсэн дохио өгдөг.
3. Генетикийн нөлөө
- Аав, ах дүү түрүү булчирхайн томрол оношлогдсон бол эрсдэл өндөр.
- Сүүлийн үеийн судалгаануудын дүнгээс харахад хүн бүрийн удамшлын онцлогоос хамааран дааврыг “хүлээж авдаг” механизм, эсүүдийн өсөлтийг удирддаг дохио өөр өөрөөр ажилладагтай холбоотой
4. Үрэвсэл ба дархлааны дохио
- Түрүү булчирхайн үрэвслээр олон дахин өвчлөх нь өсөлтийн хүчин зүйлсийг идэвхжүүлж, эдийн зузааралтыг дэмждэг.
5. Амьдралын хэв маяг
- Таргалалт, хөдөлгөөний дутагдал, бодисын солилцооны хам шинж (чихрийн шижин, даралт ихсэх) зэрэг нь түрүү булчирхайн томрол үүсэхэд нөлөөлдөг.
Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Шээс ойр ойрхон хүрэх, шөнө олон дахин шээх
- Шээс тасалдах, Дүлүүлж шээх
- Дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх шинж илэрч байвал түрүү булчирхайн томрол байж магадгүй учир мэргэжлийн эмчил хандаарай.


